“Пахтакор”-ыг хувьчлах шийдвэрийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-01-20 17:20:17

ТАШКЕНТ, 2024 оны нэгдүгээр сарын 20 /РИА Новости/.  Олон нийт шүүмжилж байгаа учраас хөл бөмбөгийн “Пахтакор” клубын активыг бүхэлд нь 100 хувь худалдах үйл ажиллагааг зогсоожээ. Энэ тухай Узбекистан улсын Төрийн өмчийн удирдлагын газрын хэвлэлийн алба мэдэгдлээ.


“Пахтакор”-ыг худалдахаар болсон тухай тус газар лхагва гарагт зарлан мэдэгдсэн бөгөөд хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл E-auksion цахим худалдааны талбараар дамжуулан худалдан авах саналуудыг хүлээн авахаар шийдвэрлэжээ.


2023 оны 3 дугаар сард Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиеевын гаргасан тогтоолын дагуу хөл бөмбөгийн клубуудыг хувьчлах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.


Өнгөрсөн хэдэн өдрийн туршид блогерууд, сэтгүүлчид, олон нийтийн зүтгэлтнүүдийн зүгээс “Пахтакор”-ыг худалдахыг эсэргүүцсэн санал бодлоо нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан илэрхийлсээр байв. Худалдах, худалдан авах ажиллагааны үйл явц ил тод бусаас гадна тус клубын цэнгэлдэх хүрээлэнг нураах, эсвэл бусдад шилжүүлж магадгүй байгаа нь эсэргүүцэх гол шалтгаан болжээ.


“Пахтакор” клуб 1956 онд байгуулагдсан бөгөөд тухайн үеийн ЗХУ-ын хөлбөмбөгийн дээд лигт тоглож байсан Узбекистаны хамгийн алдартай баг юм. Мөн Узбекистаны аваргаар 16 удаа шалгарснаас гадна Азийн Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтод хоёр удаа оролцож байв.

関連ニュース