ХОВД: Багш нар дохионы хэл сурч, түгээн дэлгэрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-16 18:17:11

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн үйл ажиллагаа Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль дээр амжилттай үргэлжилж байна. 


Төслийн хүрээнд, тус сургуулийн багш нарыг дохионы хэлний сургагч багшаар бэлтгэжээ. Улмаар сургуулийнхаа хамт олон, номын санч, багш, сурагчдад дохионы хэлний анхан шатны мэдлэг түгээсэн юм. 


Тэгвэл өнөөдөр хоёр дахь удаагийн сургалтаа амжилттай өрнүүлж, "Дохионы хэл бидний соёл" сэдэвт тэмцээн зохион байгууллаа. Мөн тус сургуулийн зарим анги, тэнхимийг дохионы хэлээр хаягжуулсан байна. 


Үүнээс гадна тус сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүд дохионы хэлний анхан шатны сургалтад хамрагдсан бөгөөд цаашид 6-12 дугаар ангийн сурагчдад өргөн хэрэглээний зарим үгийг дохионы хэлээр илэрхийлэх аргыг заахаар төлөвлөжээ.  

関連ニュース