ХОВД: Хаваржилт хүндэрсэн сумдын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа.
Ойрын өдрүүдэд хаваржилт хүндэрсэн Алтай, Булган, Үенч суманд цас нэмж орох төлөвтэй байна.
Иймээс
- Булган, Үенч, Алтай сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 23-ны өдөр хүртэл түр зогсоох
- Барлаг буюу нүүрс тээврийн замыг тодорхойгүй хугацаанд хаах
- Булган суманд 50 тонн, Үенч, Алтай суманд тус бүрд 30 тонн хорголжин тэжээл олгох
- Булган, Үенч, Алтай сум тус бүрд 2000 боодол өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох
- Булган, Үенч, Алтай суманд тус бүр 5 тонн түлш олгох зэрэг шийдвэрийг гаргаж, мэргэжлийн байгууллагад шуурхай хэрэгжүүлэх чиглэл өглөө.