ХОВД: Шуурхай бүлэг Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-21 23:03:04

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна.  


Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 21-22-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. 


Тус шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын гишүүдийг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр хийлээ.   


Энэ үеэр орон нутгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн зарим шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлын талаар санал хэлэв.  

Үүнд: 

  • 2023-2024 онд тохиолдсон хүчтэй салхи шуурганд унасан 97 өрхийн гэрийн асуудлыг шийдвэрлэх
  • Булган, Үенч, Манхан, Цэцэг сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Дуут, Зэрэг сумын эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэх
  • Сумдад шатахууны дэмжлэг үзүүлэх /30 тонн дизель түлш, 20 тонн АИ-92 бензин/
  • Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай том оврын автомашин шийдвэрлэх зэрэг санал уламжилсан юм.  

 Шуурхай бүлэг үргэлжлүүлэн хаваржилт хүндэрсэн Булган, Алтай, Үенч суманд ажиллана. 


Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-ний өдрийн 8.00 цагийн байдлаар Ховд аймгийн 17 сумаас долоон  сумын нутагт 0-30 см зузаан цастай байна.  


Үүнээс Алтай суманд 30 см, Үенч суманд 29 см, Булган суманд 18 см зузаан цастай, хаваржилт хүндэрчээ.


Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд нийт 4876 толгой мал хорогджээ. 


関連ニュース