СҮХБААТАР: Спорт цогцолборын ажил 90 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны гуравдугаар
сарын 7 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 5,5 тэрбум тагрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд барьж буй спорт цогцолборын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Цогцолбор нэг давхартаа 30 гаруй өрөөтэй. Энд ажилчдын оффис болон зарим секц дугуйлангийн заал, өрөөнүүд байх бол хоёр давхарт 700 хүний суудалтай,
багийн спортын зориулалттай үндсэн заал байрладаг. Мөн энд ямар ч төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой.
Манай
хамт олон өвлийн улиралд ч зогсолтгүй ажилласан. Үүний үр дүнд төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад өгөхийг зорьж байна. Ажил эрчимжиж байгаатай
холбоотойгоор хүн хүчээ нэмэгдүүлнэ. Барилгын онцлогийн тухайд металл сараалжин дээврийг гадна талаас нь дулаалж хамгаалсан, дээврийн маш нарийн хийцтэй. Гадна талдаа металл фасадтай. Мөн гадна талбайн тохижилтыг чулуун хавтангаар, хатуу
хучилттай автомашины зогсоол хийнэ. Зургаадгаар сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж талбайн
инженер Б.Отгон хэллээ.
Барилгын ажлыг "Их Модун" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд орон нутгийн 10-15 хүнийг ажлын байраар хангажээ.