В.Батзориг: Цаашид морин хуур маань улам их түгэн дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-07 15:23:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.


Чуулганд морин хуурч, урлаачид, уран бүтээлчид оролцон “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт”, “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлж байгаа юм. Энэ үеэр морин хуур, үндэсний өв соёлоо дэлхийд сурталчлахад хувь нэмрээ оруулж яваа “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзоригийн сэтгэгдлийг хуваалцсан юм.


Тэрбээр, “Морин хууртай амьдралаа холбосон, энэ гайхамшигтай хөгжмийн зэмсгийг эрхэмлэн дээдэлдэг хүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан морин хуурыг дэлгэрүүлэх зарлигт маш их баясаж байна. Сэтгэл өег байна. Үндэснийхээ өв соёлд анхаарч, төр засгаас бодлогоор дэмжин зарлиг гаргасан нь монгол соёл батжин, бэхжихийн бэлгэдэл хэмээн  бодож байна.


Өнөөдөр уулзаагүй удсан морин хуурч, урлаачид, уран бүтээлчидтэйгээ уулзах сайхан байлаа. Нэг ёсондоо морин хуурчдын баярын өдөр гэж тодотгосон ч болохоор. Цаашид морин хуур маань улам түгэн дэлгэрнэ гэдэгт итгэж байна. Морин хуурчид маань нэг дор цуглахдаа алдаа оноо, цаашдын хамтын ажиллагаа, шавь сургалт гэх мэт олон сэдвээр санал солилцлоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Ирээдүйн хуурчдыг бэлтгэх үйлсэд ч гар бие оролцож буй “Хөсөгтөн” хамтлагийнхан удахгүй шилдэг уран бүтээлүүдтэй пянзаа сонсогчдодоо бэлэг барих юм байна. Мөн ирэх сарын 13-наас эхлэн хоёр сарын хугацаатай Европоор аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байгаа ажээ.












関連ニュース