О.Булгамаа: Уламжлалтын сувилагч хүнээ гараараа мэдэрч эмчилгээгээ үзүүлдгээрээ илүү онцлогтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-12 21:33:33

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн “Асгатын дов” Уламжлалтын эмнэлгийн сувилагч Отгонсүрэнгийн Булгамаатай ярилцлаа.

 

-Юуны өмнө танд энэ өдөр тохиож буй Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа.

 

-Ажил мэргэжлийн баярын өдрүүд бусад тэмдэглэлт баяраас арай л онцлогтой. Энэ өдрийг хэрхэн угтдаг вэ?

-Жил бүрийн мэргэжлийн баяраараа догдолсон байдалтай хүлээдэг. Яагаад ч юм, нэг л хүлээлттэй, хурдан болоосой гэсэн догдлол сэтгэлд минь байдаг. Мэргэжил нэгт хүмүүс, хоорондоо ярилцаад суух гоё байдаг. Бидний мэргэжлийн баяр болохоор тэр байх. Жаргал, зовлон нэгтэй хүмүүс ажил мэргэжлийн талаараа хөөрөлдөөд, сэтгэл санаагаа уудлан чөлөөтэй ярилцах нэг боломж юм уу даа.

 

-О.Булгамаа сувилагч 2023 оны ажил үйлсээрээ үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн сувилагч хэмээх хамгийн эрхэм шагналын эзэн болсон байна. Мөн хамт олноосоо “Буурь суурьтай, үнэнч, ажлын ур чадвар сайтай, цагийн тасалдалгүй, хамт олныгоо эвлэрүүлэн зуучлагч” гэсэн нандин шагналыг хүртжээ. Энэ бас л тэр бүр өгөөд байдаггүй содон сонин гоё шагнал байна шүү?

-Манайхан ер нь бүгд л эелдэг, харилцаа хандлагыг эрхэмлэдэг. Манай удирдлагууд байнга л харилцаа хандлагын сургалтыг бидэнд өгдөг. Аль болох эв эеийг хичээж, эвсэг хамт олон байхыг бид дор бүрдээ хичээдэг. Манайхан их гэр бүлсэг, хамтач хамт олон доо.

 

-Сонгосон мэргэжил бүхэн л өөр өөрийн онцлогтой байдаг. Өөрийн тань хувьд?

-Би Дархан-Уул аймгийн Анагаах ухааны сургуулийг уламжлалтын бага эмчээр 2012 онд төгссөн. Ажлын анхны гараагаа Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасгаас эхэлсэн. Тэгээд “Асгатын дов” эмнэлгийг үүсгэн байгуулаад удаагүй байхад ороод одоо 3 дахь жилдээ ажиллаж байна.  

 

Намайг сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгоход манай гэрийнхэн нэг бол бага эмч, эсвэл сувилагчийг сонго гэж хэлж байсан. Би ороод ямар ямар анги байгааг асуусан чинь олон анги байсан л даа, түүн дотор уламжлалтын бага эмчийн анги байсныг шууд сонгосон.

Тэгээд л гэрийнхнээсээ зөрөөд тэс ондоо уламжлалтын бага эмч гэсэн мэргэжлийг өөрийн сонирхлоороо сонгон суралцсан.  

 

-Уламжлалтын сувилагчийн ажлын онцлогийг тодруулбал?

-Бүх сувилагчийн ажил ерөнхийдөө ижил л дээ. Гэхдээ уламжлалтын сувилагч арай илүү онцлогтой байдаг. Учир нь үйлчлүүлж байгаа хүнтэйгээ тулж харьцаж, үйлчилгээгээ үзүүлдгээрээ илүү онцлогтой. Тухайлбал тухайн хүний сэтгэл санааны байдал, биеийн зовуурь бүгдийг ажиглах биш, өөрөө гараараа мэдэрч, хүрэлцэж эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг.  

 

Мэдээж хэрэг хүнийг барьж, иллэг хийж байхад тухайн хүний нуруу өвдсөн байлаа гэж бодоход нуруу нь мурийлттай байна уу, аль хэсэг нь илүү өвчлөлттэй байна. Гажилт нь хаашаа байна, суулт өгсөн байна уу гэдэг нь гарт аяндаа мэдрэгддэг. Тэр мэдрэмжээрээ барьдаг. Өвдсөн хүн чинь цаанаа нэг гундсан, сэтгэл санаа нь тайван биш байдаг.  Тийм хүнийг тосож аваад сэтгэл санааг нь засах байдлаар яаж байна, юу хэрэгтэй байна гэж асуух, хөл гарыг нь барих, даралтыг нь үзээд сэтгэлээр нь дэмжээд өгөхөөр их сайхан байдаг. Хүмүүс ч гэсэн их дуртай байдаг. 

 

Бариа заслыг тухайн хүний өвчний байдал, биеийн онцлог зэргээс хамаарч зөөлөн, дунд, чанга байдлаар барьдаг. Үйлчилж байгаа өвчтөн маань нүдэн дээр өөрчлөлт гарч, эрүүлжиж байгааг харах их сайхан. Хүмүүс эмч нараас илүүтэй сувилагч нартаа баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлдэг.

 

Нэг их хүчээр бариаг бол хийхгүй. Гэхдээ хамгийн их энерги зарцуулдаг ажил. Сэтгэл зүйн нөлөө маш их байдаг.

 

-Ажлын тань нэг өдөр хэрхэн ачаалалтай өнгөрдөг вэ?

-Манай эмнэлэг 24 ортой. Хэвтэн эмчлүүлэгчдээс нэг сувилагчид 10-аад хүн оногддог. Эдгээр хүмүүст 2-3 бариач үйлчилнэ. Эдгээр бариач нар энэ хэвтэн эмчилгээ хийлгүүлж байгаа хүмүүсийнхээ эмчилгээг өрөө өрөөгөөр нь даагаад хариуцаад явдаг.

 

Эмнэлгийн өдрийн эмчилгээгээр хүмүүс өглөөдөө ирээд 2-3 цагийн хугацаанд эмчилгээгээ хийлгээд явдаг.

 

Мөн манайд ээлжийн сувилагч гэж байдаг. Энэ хүн хүмүүсээ хараад өвчтөний түүхийг шивээд, шаардлагатай үед тариагаа хийгээд явдаг. Өдрийн сувилагч мөн бариагаа хийнэ, сэргээн засах, рашаан заслын эмчилгээнүүдээ хийгээд явдаг.

 

-Сүүлийн үед хүмүүс эм тарианаас эрс татгалзаж, уламжлалт анагаах ухааны эмчилгээг илүү сонирхох болсон байна. Танайхаар үйлчлүүлэгч тасардаггүй бололтой. Нэг хүнд 10 хүн гэж бодоход гар өвдөх, ядрах зэргээр ажлын ачаалал ирдэг үү?

-Энэ миний эзэмшсэн мэргэжил. Нөгөө талаас манайхан гарт ороод ирсэн гэж ярьдаг. Ердөө ядарна гэж байдаггүй ээ. Нэг их хүч ороод, бяр шаардаад байдаг ажил биш. Гарын мэдрэмж, тухайн өвдөлтийн цэгүүдээ мэдэрч хөнгөн массаж хийж барьдаг. Мэдрэмж их нөлөөлдөг гэх үү дээ. Хүмүүстэйгээ харьцаад сурчихсан болохоор гайгүй шүү.

 

Бид бариа хийхдээ нэг хүн дээр удаан хүлээгдээд байдаггүй. Учир нь бид тухайн хүнийг дараа дараагийнх нь эмчилгээнд оруулаад сөөлжүүлээд явдаг болохоор учиртай байдаг. Өглөө 8.30 цагаас ирж ээлжээ хүлээлцээд, 9 цаг гэхэд манай ажил эхэлчихсэн байдаг. 12.30 хүртэл хүмүүсээ аваад, 13.30-13.30 хооронд цайны завсарлагатай. Цайны цаг дуусаад үргэлжлүүлээд хүмүүсээ аваад эмчилгээ үйлчилгээгээ 17.00 цаг хүртэл үзүүлээд явдаг.

Амралтын өдрүүдэд ээлжийн сувилагч нар ажиллаад, бариач нар ээлжээр илүү цаг ажилладаг.

 

-Танай эмнэлгийн тухайд аймагтаа ганц байгаа хувийн хэвшлийн уламжлалт эмнэлэг гэдгээрээ давуу. Хамт олныхоо талаар?

-Манай сувилагч нар нэг ажил дээр байдаггүй, бүх л төрөл дээр ажилладаг онцлогтой. Нэг талын бус олон чиглэлд хөрвөх чадварт суралцдаг. Төрөлжсөн тал руугаа. Сэргээн засахын сувилагч маань ганцаараа тэр аппаратыг ажиллуулаад явахын хажуугаар бусад төрөлд бас суралцах жишээтэй. Нэгийгээ байхгүйд орлон ажиллах ур чадвартай. Бид бүтээлч, хамт олонч сэтгэлийг бүрдүүлэн ажилладаг. Манай хамт олны дунд эвгүй зан харилцаа гаргасан, үйлчлүүлэгчдийнхээ уур уцаарыг хүргэсэн нэг ч хүн байдаггүй. Аль болох хүлээцтэй хандаж, тэвчээртэй байдлыг сахиж ажилладаг. Энэ талаар ч харилцаа хандлагын сургалт байнга хийдэг.  

 

-Уламжлалтын эмчилгээг хүмүүс өвчин сэдрээдэг, үйлчилгээ нь удаан байдаг гэх мэтээр ярьдаг?

-Тухайн хүнээс шалтгаална. Өөрөө өвчинтэйгөө удаан барьцалдаад явчихсан, ужиг болсон үед эмчилгээний явцад сэдрэх, өвчин хууч хөдлөх явдал гардаг. Энэ бол түр зуурын мэдрэмж шүү дээ. Тэгээд 2-3 хоногийн дараа сайхан болоод л ирнэ.

 

-Олон янзын зан ааштай хүмүүсийн сэтгэлд нийцүүлэн үйлчилнэ гэдэг амаргүй байх даа?

-Манай эмнэлэг дотоод журамдаа хүнд хүлээлт үүсгэхгүй үйлчлэх гэх мэтээр тодорхой зүйлүүдийг зааж өгсөн байдаг. Зарим нэг өвчиндөө зовуурилсан, түүндээ бухимдсан, уурласан хүмүүс байдаг. Түүнийг аль болох хүлээцтэй байж, эелдэг харилцаа үүсгэж харилцдаг. Тэгээд тэр хүнийг тайвшраад ирэхээр нь за одоо эмчилгээгээ хийж эхлэх үү гээд асуугаад цааш явдаг.

 

За энэ хүнтэй харьцахад их хэцүү хүн байна даа гэсэн тохиолдол бас байдаг. Ууртай, ааштай, уцаартай ойлгогдохгүй сонин хүмүүс байдаг. Өөдөөс загнаад уурлаад яах гээд байгаа нь ойлгомжгүй.

 

Тэгээд эмчилгээний дараа өвчин зовуурь нь намсаад, зүгээр болоод ирэхээрээ надаас тийм ааш гарсан гэж үү? Би тэгж уурласан гэж үү гэж өөдөөс асуугаад байдаг. Би танаас айж байсан шүү гэхээр гайхаад байдаг.

Гэхдээ сүүлдээ баярлаад л гардаг. Бидний зүгээс үйлчлүүлэгчтэйгээ муухай харьцсан явдал байдаггүй. Бид жилдээ 2-3 удаа харилцаа хандлагын талаар сургалт авчихдаг.

 

-Сувилагчийн анхны он жилүүд эргээд дурсахад. Сувилагч мэргэжлээрээ нэг сайхан бахархаач гэвэл?

-Анх юугаа ч мэдэхгүй, хүний эмчилгээг дутуу хийсэн байна гэх мэтээр загнуулаад явж байсан үе бий. Харин одоо илүү туршлага суусан, ажлаа мэддэг болж байна.

Бидний ажил мэргэжил бол байнгын сургалтад хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлж байхыг шаарддаг.

Хүний амийг аврах, эрүүл саруул болгох ажлыг гардан хийж байгаа хүн бол сувилагч. Иймээс хамгийн гоё, хамгийн бахархмаар, хамгийн аз жаргалтай мэргэжил. Хүн бүр эмч байх албагүй. Хүний сонирхол, хичээл зүтгэл тэмүүлэл өөр өөр. Сувилагч хийж байгаад цаашаа хүсэл тэмүүллээ дагаад эмч болоод явж байгаа хүмүүс олон байдаг.

 

Миний хувьд сувилагч мэргэжилдээ үнэнч, сувилагч мэргэжлээрээ цаашид шат ахиж улам мэргэшихийг зорьж байгаа.

Одоо би ахлах зэргийн шалгалтаа өгнө. Сувилагч хүн 5-8 жил ажиллаж байж ахлах зэргийг горилдог. Би дунд нь хүүхэд төрүүлээд завсардсан болохоор ахлах зэргээ авч чадаагүй байсан. Одоо ямар ч гэсэн зэргийн шалгалтаа өгнө.

 

Тэгээд цаашаа зорилгоо биелүүлэх сургалтууддаа тухайлбал сэргээн засах сувилагчаар суралцах бодолтой байгаа. Дараа нь хөдөлгөөнт засалч болох шат дараалсан зорилготой.

Хөдөлгөөнт засалч бол маш хариуцлагатай, чухал зүйл. Бариагаа хийсний дараа хөдөлгөөнт заслаа хийхэд харвалттай, саажилттай хүнд илүү үр дүн, нөлөө үзүүлдэг.

 

-Нийгмийн асуудлыг тань хэр шийдвэрлэж байна. Мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх сургалтад хамрагдаж байна уу?

-Манай эмнэлгийн удирдлагууд биднийг маш их дэмждэг. Суралцмаар байна гэсэн тухай бүрд дэмжиж өгдөг. Одоо манайхаас сэргээн засах чиглэлээр 2 сувилагч, туслах сувилагч маань сувилагчаар суралцаад явж байна. Суралцъя гэсэн хүн бүрийг таатай баяртай хүлээн авч, дэмждэг.

 

Мөн цалин хөлс хангалттай нэмэгдээд явж байгаа. Яг хэцүү санхүүгийн ч юм уу, ямар нэг тулгамдсан үед төрийн байгууллагыг бодвол шуурхай шийдвэрлээд өгчихдөг давуу талтай. Ар гэрийн амьдрал, ажил байдлыг маш их асууж, дэмжиж байдаг.

 

関連ニュース