М.Шумахерын бугуйн цагнуудыг дуудлагаар худалджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны тавдугаар сарын
15 /РИА Новости/. “Формула-1” уралдааны долоон удаагийн аварга Михаэл Шумахерын цуглуулгад байсан 8 ширхэг бугуйн
цагийг Christie's ордны дуудлага худалдаагаар нийт 3,4 сая еврогоор худалдсан
тухай Дойче Велле мэдээлжээ.
Мягмар гарагт болсон цагны дуудлага худалдааны нийт
үнийн дүн 3 443 755 евро болсон нь анх 3,75 сая евро гэж тооцоолж байсанд
хүрсэнгүй.
Хамгийн өндөр үнэд хүрсэн нь 2004
оны F.P. Journe Vagabondage 1 Model загварын улаан өнгийн бүрхүүлтэй, цагаан
алтан корпустай, алтан механизмтай цаг бөгөөд түүнийг “Феррари” багийн спорт эрхэлсэн
захирал Жан Тодт алдарт тамирчинд бэлэглэжээ. “Феррари”-гийн таних тэмдэг,
Шумахерийн малгайны зураг бүхий уг цагийг 1 224 446 еврогоор худалдсан байна.
Домогт уралдаанч М.Шумахер 2013
оны 12 дугаар сарын 29-нд Альпийн нуруун дахь Францын Мерибел амралтын газарт
цанаар гулгаж байгаад унаж, тархи нугасны хүнд гэмтэл авсан билээ. 2018 онд
тэрбээр орноосоо босож явж чаддаг болсон ба хиймэл амьсгаа хийлгэх шаардлагагүй
болсон тухай мэдээлж байв. Мөн 2019
оны 9 дүгээр сард түүнд үүдэл эсийн эмчилгээ хийхийн тулд Парисын нэгэн
эмнэлэгт нууцаар хэвтүүлсэн тухай мэдээлж байлаа. Түүнчлэн 2020 оны 6 дугаар сард түүнд үүдэл эс шилжүүлэн
суулгах мэс засал хийх гэж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан юм.