Хүүхдийн баяраар “Дэггүй Лиз” балетыг тайзнаа толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Дэггүй Лиз” балетыг 6 дугаар сарын 1-нд тайзнаа тоглоно.
Тус балетыг энэ удаад 4 жилийн дараа тайзнаа тоглож хүүхэд багачуудын хүртээл болгож буй юм.
Ф.Херольдын “Муу хамгаалагдсан охин” буюу “La Fille mal gardee” балетыг тус театрын тайзнаа “Дэггүй Лиз” нэрээр анх 2017 оны 5 дугаар сарын 31, 6-р сарын 1-нд үзэгчдэд толилуулсан түүхтэй.
“Дэггүй Лиз” балетын тухай
Энэхүү хоёр бүлэгт балетыг анх 1789 онд Францын Бордо хотын “Гранд опера” театрт “Муугаас сайн хүртэл нэг алхам” нэрээр тоглож байжээ. Дэлхийн томоохон театруудын байнгын урын санд тоглогдож байдаг уг хошин балетын санааг балетмейстер Жан Доберваль 1789 онд Францын уран зураач П.А.Баудоны зурсан “La rйprimande” орчуулбал “Зэмлэл” гэсэн ээж охин хоёрын муудалцаж байгаа зургаас санаа аван бүтээсэн бол аялгууг Францын 55 ардын аялгууг суурь болгон зохиосон гэдэг. Хоёр зууны турш уг балетыг дэлхийн маш олон театрт доод тал нь зургаан хөгжим дор, өөр өөр нэрээр тоглодог байсан бол өдгөө“La Fille mal gardee” балет дэлхийн театрууд хоёр үндсэн хувилбараар тоглож, өнөөгийн үзэгчдэд хүрч байгаа билээ. Нэг нь Германы хөгжмийн зохиолч П.Л.Хертелийн хөгжим Александр Горькийн хувилбар. А.Горький энэ хувилбарыг 1903 онд Большой театрт анх тавьж байжээ. Хоёр дахь нь 1960 онд Рояаль театрт тавьж байсан Ф.Херольдын хөгжим, балетмейстер Ф.Аштоны дэглэн найруулсан хувилбар юм.
Хөгжмийн зохиолч Фердинанд Херольдын тухай
Францын хөгжмийн зохиолч Фердинанд Херольд1791 онд Парис хотноо төгөлдөр хуурч, ая зохиогч ФранцессХерольд болон Жеанна Паскалын ганц хүү болон мэндэлжээ. Түүний өвөө Никольс Херольд мөн орган хөгжимчин байжээ. Түүний хөгжмийн авъяас бусад суут хөгжимчдийн адил бага наснаасаа тодорчээ. Тэрээр зургаан настай байхдаа Ж.Фетигээс хөгжмийн онол сурч эхэлсэн ба долоон настай байхдаа төгөлдөр хуур хөгжмийг чадварлаг тоглохоос гадна хэд хэдэн төгөлдөр хуурын ая зохиосон байжээ. Гэвч түүний эцэг Херольдийн хөгжимчин болох хүсэл мөрөөдлийг эсэргүүцдэг байв. 1802 онд түүний эцэг харамсалтайгаар нас барж, түүний хөгжмийн кареер жинхэнэ эхэлсэн гэж үздэг. 1806 онд тэрээр Парисын Хөгжмийн Дээд Сургуульд элсэн орж, сурч байх хугацаандаа төгөлдөр хуур, хийл хөгжмийг чадварлаг эзэмшсэн нэгэн байв. Фердинанд Херольдсонгодог урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч бөгөөд 22 дуурь, 6 балет, хэд хэдэн хөгжмийн зохиол бичсэн байна. Тэдгээрээс хамгийн алдартай бүтээлүүд нь “Zampa” дуурь болон “La Fille mal gardee” балет юм.