21 аймгийн онцлог чанарыг мюзиклээр харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-30 10:05:10

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо.


Уг хурлаар Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын зохион байгуулалтыг хэлэлцжээ. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллах юм. Тэрбээр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулахаа мэдэгдсэн.


Байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд монголчуудын гайхамшигт өв соёл, зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм байна.


Эх дэлхийн нөхцөл байдал амаргүй, хүн төрөлхтөн даяараа энх оршихуй руу тэмүүлж буй энэ цаг үед "Байгальд хамгийн ээлтэй оршихуй" гэгддэг нүүдлийн соёл иргэншлээр дамжуулан хүн, байгалийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын үнэ цэн, ач холбогдлыг хүж дэлхийд үлгэрлэж ирсэн 'Монгол оршихуйн итгэл үнэмшил'-ийг үндэсний их баяр наадмаараа харуулахыг зорьж буйгаа Ц.Батнайрамдал найруулагч ярилаа. 


Энэ үеэр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан наадмын нээлт, хаалтыг зохион байгуулах найруулагчийн багийнхан болон салбар хороодын дарга нарыг бэлтгэл ажлаа цаг хугацаанд нь хангахыг үүрэг болголоо. 

関連ニュース