Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт үнэт металл, чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчдийн 74.3 хувь нь байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-06-14 09:51:37

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны олгосон тусгай зөвшөөрөлтэй 52 хуулийн этгээд, 434 иргэн үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааг энэ оны 1 дүгээр улиралд эрхэлсэн. Тэдний 6 нь энэ онд шинээр зөвшөөрөл авчээ. Энэ төрлийн арилжаа эрхлэгчид 340.1 кг үнэт металлыг худалдан авчээ.


Харин 229.1 кг үнэт металлыг боловсруулж худалдан борлуулсан. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад, худалдан авсан үнэт металлын үнийн дүн 2.4 дахин, худалдсан үнэт металлын үнийн дүн 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайлбал, 252.2 кг алт худалдан авч, 205.0 кг-ыг борлуулсан. Мөн 87.9 кг мөнгө худалдан авч, 24.0 кг-ыг борлуулжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад худалдан авсан мөнгөний үнийн дүн 11.0 дахин, худалдсан мөнгөний үнийн дүн 2.0 дахин нэмэгдсэн байна.


Монгол дархны аргаар урчууд эмэгтэй хүний ээмэг, бугуйвч, бөгж гоёлын зүүлт зэргийг гол төлөв урлаж байна. Жижиг хаш аягыг алтаар доторлож, ёроолыг үндэсний хээ угалзаар чимэглэж шүр, мана, гартаам зэрэг төрөл бүрийн эрдэнийн чулуу шигтгэснийг эртний эдлэлийн дэлгүүрийн лангуун дээрээс харж болно. Мөнгөөр төрөл бүрийн хэмжээтэй үндсэн тагшийг доторлон, ёроолыг нь үнсний хээ угалзаар чимэглэн аяга хийнэ. Түүнээс гадна морины эмээл, хазаар, ташуурын чимэглэл хийж байна. Эмээл 6-12 цагаантай мөнгөн /даруулга/ их, бага гарын гэж авч үздэг ажээ. Ийм төрлийн үнэт металлаар хийсэн эдлэл, үнэт чулуун хөөрөг хийж байна. Үнэт металл чулууг ийм байдлаар нэмүү өртөг шингээн монгол урчууд зах зээлд нийлүүлж байна.


Энэ төрлийн арилжаа эрхлэгчид 2024 оны 1 дүгээр улиралд 25,918,798.0 мянган төгрөгийн орлоготой, 21,203,546.5 мянган төгрөгийн зарлагатай ажиллажээ. Харин цэвэр ашиг нь 4,715,251.4 мянган төгрөг юм.


Тусгай зөвшөөрөлтэй 52 хуулийн этгээд нь 84 хувьцаа эзэмшигчийн 10,013,429.1 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ажиллажээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад хувьцаа эзэмшигчдийн тоо 5-аар нэмэгдэж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 6.5 хувиар нэмэгдсэн.


Хувь нийлүүлсэн хөрөнгө:

  • 5,324,506.1 мянган төгрөг /53.2 хувь/ дотоодын хөрөнгө оруулалт,
  • 4,688,923.2 мянган төгрөг /46.8 хувь/ гадаадын хөрөнгө оруулалт,

Эдгээр 52 хуулийн этгээдийн 33 нь 1 хувьцаа эзэмшигчтэй, 13 нь 2 хувьцаа эзэмшигчтэй, 6 нь 3 буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй байна.


Мөн зохицуулалттай этгээдүүд нь 70,576,073.6 мянган төгрөгийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа эрхэлсэн. Энэ хөрөнгийн хувьд:

  • 58,518,747.0 мянган төгрөг /82.92 хувь/ эргэлтийн хөрөнгө,
  • 12,057,326.7 мянган төгрөг /17.08 хувь/ эргэлтийн бус хөрөнгө,

Орон нутагт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэдийн 74.3 хувь нь Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт, 25.7 хувь нь Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Увс, Дорноговь, Өвөрхангай, Дорнод, Орхон, Хэнтий аймгуудад ажиллаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

関連ニュース