Улсын аварга О.Хангай: Монгол үндэстний өв соёл ёс бус үйлдлээр бүү сэвтээсэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-17 11:51:43

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр “Үлэмж бадрах” чимэг хүртсэн улсын аварга О.Хангай сэтгэгдлээ хуваалцлаа.


Тэрбээр ярихдаа, "Өнгөрсөн жилийн баяр наадмын наймын даваанд барилдсан бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн учраас намайг найм давсанд тооцож, “Үлэмж бадрах” чимэг нөхөж олголоо. Цаашдаа Монголын үндэсний өв соёл маань ёс бус үйлдлээр битгий сэвтээсэй гэж хүсэж байна. Ер нь, үндэсний өв соёл болох эрийн гурван наадам бол төр ёсны баяр болгон тэмдэглэдэг тул Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг гэж би үздэг. Магадгүй хэдэн зуун жилийн дараа ч энэ өв соёл маань бусдаас ялгарах бидний амин чанар болж, бахархал маань болсоор байх болно гэж бат итгэдэг. Энэ бол хэдхэн бөхийн асуудал биш. Баяр наадмын тухай хуулийн дагуу шийддэг газар нь шийдэж, бөхчүүд цол чимгээ нөхөж авч байна" гэв. 


Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын түрүү бөх улсын арслан М.Бадарчаас допинг илэрч, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос түүний цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ. Улмаар түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд нөхөж цол олгох ёслол Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд өнөөдөр болсон юм.


関連ニュース