БАЯН-ӨЛГИЙ: Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-27 11:16:55

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият захирамж гаргаж Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 28-ны өдөр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглов.


Мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймгийн Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар, холбогдох бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд даалгалаа.


Ташрамд сануулахад, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсэгт санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг тус тус хориглосон ба үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллахаар заасан байдаг. 

関連ニュース