ХОВД: Долоон нуурын хүн чулууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Долоон нуурын хүн чулуун хөшөөг
1988 онд судлан шинжилжээ. Уг хөшөө нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвөөс
баруун зүгт 22
км зайд оршдог.
Энд нийт хоёр хүн чулуун хөшөө
бий. Эдгээр хөшөө нь он цагийн хувьд Түрэгийн хаант улсын үед холбогдоно гэж
судлаачид үзжээ.
Нэг хөшөөнийх нь өндөр 77 см.
Мөрний өргөн 33 см ба зузаан нь 15-17 см юм.
Хүн чулууг шаргал өнгийн
боржингоор хийсэн бөгөөд толгойн орой мөлгөр бөөрөнхий, малгай өмссөн шинж
тэмдэггүй. Нүүр нь гонзгой бөгөөд хоёр хөмсгийг дугуйруулан урт шулуун хамартай
нийлүүлэн үргэлжлүүлжээ.
Нүдний гадуур хүрээ хийсэн байна.
Махирласан живэр сахал, түүний дор уруулыг товойлгон дүрслээд амыг хонхойлж
гаргажээ. Хүн чулууг тойрсон бас нэг хашлага мэт зүйл байгаа нь сонирхолтой гэж
судлаачид тэмдэглэсэн байна.
Уг хүн чулуун хөшөөнөөс зүүн
зүгт 5.5 метр зайд хоёр дахь зэл чулуу болгон зоосон хүн дүрст хөшөө бий.
Өндөр нь 67 см, мөрний өргөн 35 см. Зузаан нь 10 см. Хөшөөг хөх саарал өнгийн
занараар хийжээ.
Ингэхдээ нүүрэн талаар нь
түрүүчийн хүн чулууны өөдөөс харуулан зоожээ. Их биеийг нь засч янзлаагүй
боловч толгойн хэсгийг товойлгон гаргаад нүүр ам сийлсэн. Мөн толгойн дээд тал
элэгдэж гэмтээд зөвхөн хамар, амны дүрс, эрүүг заагласан зураас сайн мэдэгдэж
байдаг юм.
Хөшөөнөөс зүүн урагш 70 метрийн
зайд 14 зэл чулуу бий.