Тринидад ба Тобагогийн ойролцоо живсэн нефть тээвэрлэгчийг хөвүүлэн гаргаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-08-21 16:32:57

ПОРТ-ОФ-СПЕЙН, 2024 оны наймдугаар сарын 21 /BBC/. Энэ оны хоёрдугаар сард Тринидад ба Тобагогийн эргийн ойролцоо хөмрөн живсний улмаас тээвэрлэж явсан их хэмжээний нефть нь асгарсан учир битүүлэг хөлөг онгоцыг амжилттай хөвүүлэн усны гадаргууд гаргаж байна гэж тус улсын засгийн газар мэдэгджээ.


Нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг хөвүүлэн гаргах ажиллагаа даваа гарагт дууссан бөгөөд Gulfstream” гэх нэрнээс өөр зүйл нь тодорхойгүй байгаа хөлөг онгоцыг зөөвөрлөхийн өмнө шумбагчид дотор нь орж нөхцөл байдлыг үнэлнэ гэж Эрчим хүчний яам мэдэгдсэн байна.


Тринидад ба Тобагогийн баруун өмнөд нутгийн ойролцоо далайд живсэн хөлөг онгоцыг олох үед дотор нь хөлгийн багийн гишүүдийн цогцос байгаагүй бөгөөд яаралтай тусламж хүссэн дуудлага ирээгүй, орон нутгийн эрх баригчид осолд буруутай этгээдийг олж чадаагүй байна.


Хөлөг живсний дараа 50 мянга орчим торх нефть асгарч, Карибын тэнгисийн арлын онгон дагшин байгаль дахь наран шарлагын газруудыг эвдлэн сүйтгэж, засгийн газраас орон даяар онц байдал зарлахад хүргэжээ.


Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, Gulfstream одоо далайд 60 м-ийн гүнд хөмөрсөн байдалтай хөвж байна. Одоо шумбагчдын баг хөлөг онгоцны байдлыг үнэлж, түүнийг нийслэл Порт-оф-Спейн рүү зөөвөрлөх явцад саад болох эд ангиудыг салгах ажээ.


Тринидад ба Тобагод багт наадмын өмнөхөн болсон уг хэрэг явдалд хэн буруутайг Засгийн газар одоогоор тогтоож чадаагүй байна. Цэвэрлэгээний ажилд 1000 орчим сайн дурынхан оролцож, төрийн алба хаагчдын хамтаар Тобагогийн наран шарлагын газруудад ажилласан байна.


Тавдугаар сард Эрчим хүчний сайд Стюарт Янг ослын улмаас учирсан нийт хохирлын хэмжээ 30 сая ам.долларт хүрч магадгүй хэмээн тооцоолжээ. Хөлөг онгоц осолдсоны дараах эхний хэдэн долоо хоногт нефтийн судал олон зуун км газарт тархаж, Карибын тэнгис дэх Бонайре аралд /Нидерландын хилийн чанад дахь нутаг дэвсгэр/ хүрчээ.

 


関連ニュース