ХОВД: Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 23-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Энэ сарын 17-18-нд шилжих шөнө цас орж, хөрсөн дээрээ цочир хүйтэрч болзошгүй байна. Мөн энэ сарын 18-нд ихэнх нутгаар, энэ сарын 21-нд зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар цас орно.Салхи нийт нутгаар секундэд 4-9 метр байх төлөвтэй. Харин агаарын температурын хувьд энэ сарын 18, 19-нд нийт нутгаар сэрүүсэж, уулархаг нутгаар шөнөдөө -3-8 градус, өдөртөө +4+9 градус байна. Мөн бусад нутгаар шөнөдөө -3+2 градус, өдөртөө +10+15 градус байна.
Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө -1+4 градус, өдөртөө +13+18 градус, бусад нутгаар шөнөдөө +5+10 градус, өдөртөө +19+24 градус байх төлөвтэй. Ташрамд, цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдах тохиолдолд зарим газраар, 30-70 хувьд ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд бүх нутгаар гэсэн нэр томьёо хэрэглэдэг.