Канад Улсын Элчин сайд Сандра Шүфани Ховд аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-25 15:52:17

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Канад улсын Элчин сайд Сандра Шүфани энэ сарын 24-нд Ховд аймагт ажиллалаа. 


Тэрбээр Ховд аймгийн удирдлагуудтай уулзсан ба Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөрөөр хэрэгжсэн зарим төслийн явцтай танилцжээ.    


Тодруулбал, 2018 онд “Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” төсөл хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд 38 сая төгрөгийн санхүүжилтээр амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, биллиметр, пульсохиметр зэрэг тоног төхөөрөмж нийлүүлж, хүүхдийн эрчимт эмчилгээний нэгжийг бий болгожээ. Мөн хүүхдийн тасагт шинээр байгуулсан эрчимт эмчилгээний өрөөтэй, тус тасгаас тусгаарлаж нярайн тасгийг нээн ажиллуулж байна. 


Үүнээс гадна 2021 онд "Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах, тохижуулан засварлах, шаардлагатай эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг суурилуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах” төслийг 42.0 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлжээ. Ингэснээр баруун бүсийн хэмжээнд анхдагч “Хүүхэд хөгжлийн төв"-тэй болж, үйл ажиллагаа явуулж байна.    


Мөн 2024 онд “Ховд аймгийн БОЭТ-ийн Уламжлалт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй, асаргаатай буюу өөртөө үйлчлэх боломжгүй иргэдэд зориулан шаардлагатай тоног төхөөрөмж суурилуулах, өөртөө үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах” төслийг 52.3 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд олон төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн ба үүний үр дүнд хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгаа гэж орон нутгийн эмч нар танилцууллаа.    

Цаашид мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртэмжийг сайжруулахад чиглэсэн төслийг үргэлжлүүлж, эмнэлэгтэй хамтран ажиллахаа Канад улсын Элчин сайд илэрхийлэв.  


Үүнээс гадна Канад сангийн дэмжлэгээр Сурах чадварыг бэхжүүлэх төвөөс “Бизнесийн болон хүлэмжийн сургалт,  зөвлөгөө өгөх замаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн явцтай Канад улсын Элчин сайд Сандра Шүфани танилцлаа.  


Төслийн гол зорилго нь бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эмэгтэйчүүдэд санхүүгийн мэдлэг олгох, хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж бүрдүүлэх юм. Энэ хүрээнд eсдүгээр сарын эхээр Эрдэнэбүрэн, Зэрэг, Дөргөн, Цэцэг сумын эмэгтэйчүүдийн төлөөллийг сургалтад хамруулжээ.   

関連ニュース