“Microsoft” компани Мексикт 1.3 тэрбумын хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 25 /CNBC/. Ирэх гурван жилийн хугацаанд Мексикт үүлэн тооцоолол ба хиймэл оюун ухаанд зориулсан дэд бүтцийг бий болгохын тулд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ Америкийн технологийн “Microsoft” компани мягмар гарагт мэдэгджээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла Мехико хотод болсон хурлын үеэр хэлэхдээ "энэхүү хөрөнгө оруулалт нь холболтыг сайжруулах, хиймэл оюун ухааны технологийг жижиг, дунд бизнест нэвтрүүлэхэд чиглэнэ" гэлээ. Уг санаачилга нь гурван жилийн дотор Мексикийн 5 сая иргэн, 30 мянган жижиг бизнес эрхлэгчийг хамрах ажээ.
Талх үйлдвэрлэгч “Bimbo”, цемент
үйлдвэрлэгч “Cemex” зэрэг Мексикийн компаниуд “Microsoft”-ын хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг хэдийнэ ашиглаж эхэлсэн байна. Түүнчлэн харилцаа
холбооны “Viasat” компани 2025
оны эцэс гэхэд үүрэн холбооны
сүлжээнд холбогдоогүй байгаа 150 мянга гаруй мексикчүүдэд интернэт ашиглах боломжийг олгохоор ажиллаж байна гэж “Microsoft” мэдэгдлээ.
Мексикийн Эдийн засгийн сайдаар саяхан томилогдсон Марсело Эбрард Майкрософтын гүйцэтгэх захиралтай уулзсаныхаа дараа X хуудсандаа бичихдээ "энэ бол манай улсын хувьд гайхалтай мэдээ" гээд, энэхүү хөрөнгө оруулалт нь Мексикийн хиймэл оюун ухааны чадавхийг богино хугацаанд сайжруулахад
тус дөхөм үзүүлнэ хэмээн нэмж хэллээ.