СҮХБААТАР: Дарьганга нутгийн эрдэмт гэвш Банзрагчийн Жамбал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Олноо Хүрээ Жамбал, Ёж Жамбал нэрээр хүндлэгдсэн гэвш Б.Жамбал бага балчир насандаа Овоон сүмдээ шавилан суудаг байжээ. 16 настайдаа мөргөлөөр явж, Өвөр Монголын Бандид гэгээний хийдэд шавилан бурхны номд шамдан суралцсан гэдэг. Улмаар 17 жил Чойрын ном үзэж их таван ухаанд мэргэшжээ.
Бурхны номд төгс суралцсан, олондоо тустай, эрдэм номтой сайн лам Алтан овооныхоо энгэрт амьдарч байсан даа гэж нутгийн хөгшчүүл ам булаацалдан ярьдаг байсан нь Б.Жамбал юм. Тухайн үед шашин ном дөнгөж сэргэж яригдаж байсан цаг үе. Улаанбаатар хотноо Гандантэгчэнлин хийдийн дэргэд олон жил сууж, тухайн үеийн ном эрдэмтэй сайчуудын эгнээнд багтаж, шинэ цаг үед шашин номоо залгуулж өгөхөд бие сэтгэлээ зориулж байсан мэргэдийн нэгэн төлөөлөл юм.
Монгол орны нутаг нутгаас зорин ирсэн мөргөлчид, эрдэм номын эрэлчид Хүрээ Жамбал нэрээр нь сураглаж ирж уулздаг
байсан гэлцдэг. Социалист нийгмийн үед ч ном буянаа таслаагүй олон шавь нарыг бэлдэж буяны мөр замыг заасан ачтан юм. Хүрээнд зорин ирж уулздаг хүн бүхний хүслийг биелүүлдэг байсан болохоор Хүрээ Жамбал гэж авгайлдаг байсан бол хэдэр ёдор зантай, хэр баргийн хүн халдаж ойртож чаддаггүй ном хаялцвал хоосон чанараар хариулдаг, ёжилсон үгээрээ ёсыг ойлгуулдаг учир Ёж Жамбал гэх болжээ.
Төвөд, Манж, Хятад хэл сурч анагаах ухааны дөрвөн үндэс, гүн ухааныг судалж гэвшийн дамжаанд хүрсний зэрэгцээ маш олон номын орчуулга тайлбар судалсан.
1940-өөд оны үед цаг төрийн байдлаас болж Өвөрмонголоос Богдын хүрээнд ирж олон жил Гандан хийдийн
дэргэд зиндаа лам нарын хамтаар ном буянаа таслахгүй үргэлжлүүлсэн түүхтэй. Хожим 1984 онд өөрийн төрсөн нутаг Дарьганга сумандаа ирж сууж, 1992 онд буюу 88 насандаа насан өөд болсон байна.