Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /РИА Новости/. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүх хүчээ дайчлан хөдөлмөрлөж ирсэн Майоркагийн жижигхэн тосгоны сайн хүн гэж намайг дурсаж байгаарай хэмээн тамирчны замналаа дуусгаж буй Испанийн нэрт теннисчин Рафаэл Надаль хэллээ.
Энэ оны зургаадугаар сард 38 нас хүрсэн тэрбээр Дэвисийн цомын тэмцээн өөрийнх нь хувьд сүүлчийнх байх болно гэдгийг мэдэгдэж байсан юм. Испанийн Малага хотод болж буй тус тэмцээний ¼-ийн плей-оффын тоглолтод испаничууд Нидерландын багт хожигдсон бөгөөд Надаль ганцаарчилсан төрөлд Ботик ван де Зандсхюлпэд 4:6, 4:6 харьцаагаар ялагдлаа.
“Тоо ба алдар нэр бол чухал биш ээ. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд бүх хүчээ дайчлан хөдөлмөрлөж ирсэн Майоркагийн жижигхэн тосгоны сайн хүн гэж намайг дурсаж байгаарай. Мартагдашгүй цаг мөчүүдийг өнгөрүүлсэн би бол азтай хүн. Би мөрөөдсөнөөсөө илүү зүйлд хүрч чадсан учраас теннисээс сэтгэл хангалуун явж байна” гэж тэрбээр Испани-Нидерландын тоглолтын дараа теннисний талбайдаа зогсож байгаад хэллээ.
Мэргэжлийн тамирчны замналаа дуусгана гэдгээ Надаль 10 дугаар сарын 10-нд Х нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Надаль бол Их дуулгын
тэмцээнүүдэд хамгийн олон буюу 22 удаа түрүүлсэн теннисчин юм. Мөн 2008 онд
ганцаарчилсан төрөлд, 2016 онд хосын төрөлд Олимпын аварга болсон билээ.
Тэрбээр тамирчныхаа замналд 134
сая гаруй долларын шагнал урамшуулал авсан нь теннисний спортын түүхэнд хоёрдугаарт
бичигдэх үзүүлэлт юм.