Румын, Болгар улсууд шенгений бүсэд нэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /TASS/. Румын, Болгар улсуудыг шенгений бүсэд нэгтгэх 17 жилийн турш үргэлжилсэн үйл явц дуусаж, эдгээр улстай хуурай газраар хиллэдэг Шенгений орнуудын хилийн хяналтыг нэгдүгээр сарын 1-нээс татан буулгахыг Европын Холбооны /ЕХ/ Элчин сайд нар дэмжсэн тухай тус холбооны дотоод хэрэг эрхэлсэн комиссар Ильва Йоханссон мэдэгдэв.
"Болгар, Румын улсын иргэдэд шенгений бүсэд нэгдсэнд баяр хүргэе. Та бүхэн дэндүү удаан хүлээлээ. ЕХ-ны Байнгын төлөөлөгчдийн хорооны шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ" гэж тэрбээр олон нийтийн X (хуучнаар Twitter) сүлжээнд бичжээ.
Болгар, Румын улсууд ЕХ-нд 2007 онд элссэн боловч шенгений бүсэд нэгдэхийн тулд хэд хэдэн нөхцлийг тавиад байсан бөгөөд тухайн үед энэ үйл явцыг 1-2 жилийн дотор дуусгах боломжтой байв.
Гэвч энэ оны гуравдугаар сард л "шенгений хэсэгчилсэн эрхийг” олгожээ. Өөрөөр хэлбэл, Шенгений бусад оронд усан болон агаарын тээврээр визгүй зорчихыг зөвшөөрч, харин хуурай газрын хилийн хяналтыг хэвээр үлдээжээ.
Шенгений нийгэмлэгийг 1985 онд Франц, Герман, Бельги, Нидерланд, Люксембург улсууд байгуулжээ. Тус бүсийн хил нь ЕХ-ны хилээс өөр боловч эл хоёр бүтцэд 27 улс багтдаг. ЕХ-ны гишүүн бус Швейцар, Исланд, Норвег, Лихтенштейн улсууд Шенгений бүсэд багтдаг боловч ЕХ-ны гишүүн Ирланд, Кипр улсууд Шенгений хэлэлцээрт оролцдоггүй, мөн Румын, Болгар улсууд бүрэн эрхт гишүүн болоогүй байгаа юм.