Усэйн Болт оны шилдэг тамирчинд нэр дэвшигчдийг тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-10-20 15:27:48

МОНАКО. /Prensa Latina/. Ямайкийн ойрын зайн гүйгч Усэйн Болт Олон улсын хөнгөн атлетикийн холбооны /IAAF/ “оны шилдэг тамирчин” шагналд нэр дэвшсэн эрэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлж байна.

Оны шилдэг тамирчнаар тодрох тун өндөр магадлалтай байгаа Олимпын есөн удаагийн аварга У.Болт “Бээжин-2008” болон “Лондон-2012” зуны Олимпын наадмын 100 м, 200 м болон 4х100 метрийн буухиа гүйлтэд түрүүлэн алтан медаль хүртсэн амжилтаа “Рио-2016”-д давтсан билээ.

2017 оны наймдугаар сарын 5-13-нд Лондон хотноо болох хөнгөн атлетикийн ДАШТ-ий дараа албан ёсоор зодог тайлна гэдгээ 100 м (9.58 секунд) болон 200 м-ийн зайд (19.19 секунд)  дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй У.Болт мэдэгдсэн юм.

Оны шилдэг эрэгтэй тамирчны шагналд Бразилын тулгууртай харайлтын тамирчин Тиаго Браз да Сильва, АНУ-ын арван төрөлтийн тамирчин Эштон Итон, Их Британийн холын зайн гүйгч Мохаммед Фарах нарын зэрэг дэлхийн шилдэг тамирчдын нэрийг дэвшүүлжээ.

Г.Доржханд

 

関連ニュース