ТӨВ: Дэлхийн зөн олон улсын байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг нар 2024-2027 онд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Төв орон нутгийн хөтөлбөрөөс тус аймагт хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүнд хүргэх, өрхийн амьжиргаа ба даван туулах чадавхыг сайжруулах, хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрхийг хангах, хөгжил хамгааллыг бэхжүүлэх, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хамгаалахад тус санамж бичгийн гол зорилго оршиж байна.
Дэлхийн 90 гаруй оронд хүмүүнлэгийн, яаралтай тусламжийн, хөгжлийн, нөлөөллийн үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөтөлбөр Төв аймагт хэрэгжиж эхэлснээс хойш 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд “Өрхийн амьжиргаа, даван туулах чадавхыг бэхжүүлэх техникийн хөтөлбөр”, “Хүүхэд хамгаалал ба оролцоо техникийн хөтөлбөр”, “Орон нутгийн оролцоотой хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-үүдийг Зуунмод, Батсүмбэр, Борнуур, Баянчандмань, Сүмбэр, Жаргалант суманд хэрэгжүүлсэн.
Орон нутгийн оролцоотой хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн 62 төрлийн үйл ажиллагаанд 25 орчим мянган хүүхэд хамруулж, 13 бичил төсөлд 22 мянга гаруй хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулсан байна.
Харин Хүүхэд хамгаалал ба оролцоо техникийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх 75 ажил хийж, 23 мянга гаруй хүүхэд ашиг шим хүртсэн байна.
Түүнчлэн Өрхийн амьжиргаа, даван туулах чадавхыг бэхжүүлэх
техникийн хөтөлбөрийн төгсөлтийн аргачлалд 330 өрх хамрагдсанаас 265 өрх
тогтмол орлоготой болжээ. Мөн орон нутгийн онцлогт тохируулан нэмэлт
санхүүжилтээр олон бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.