Дүрслэх урлагийн "ХААН” үзэсгэлэнг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Их Хаан уран бүтээлийн нэгдлээс Монголын шүтээн Их Монгол Улсын далай Их Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хааны цээж баримал хөргийг бүтээж “Чингис хаан” Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр дэлгэлээ.
Тэдгээр хаадын цээж баримал хөргийг Монголын эзэнт гүрний
түүхэн сурвалж, зохиол бүтээлийг судлан, Тайванийн Тайпэй хотын Үндэсний музейд
хадгалагдаж буй Их Монгол Улсын гурван үеийн Чингис, Өгөөдэй, Хубилай хааны эш
хөрөг (Юань гүрний ордны Монгол зураач Хорихусун), Юань гүрний ордны зураач Лю
Гуандаогийн “Хубилай хаан авд мордсон нь” бүтээл, Төрийн шагналт, Ардын зураач
Ү.Ядамсүрэн гуайн “Чингис хаан”, “Өвгөн хуурч” зэрэг түүхэн бүтээлд үндэслэн урлажээ.
Монгол хүний сэтгэлгээний онцлогт тохируулан МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Т.Одон, МУЭ-ийн гишүүн зураач А.Ууганбаяр, уран барималч Ж.Түмэнчулуун нар оюун санаа, дүрслэл, зохиомжоо боловсруулан уран зураг, уран баримлаар хаадын дүрийг бүтээсэн байна.
Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлийг толилуулсан бөгөөд эндээс
Их хаадын дүрүүдийн төрх, зан байдлыг урлагийн бүтээлээр хэрхэн илэрхийлснийг
мэдрэх боломжтойг тус музей мэдээлжээ.
Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.