ТӨВ: ЕБС-ийн ахлах ангийн хөвгүүд Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-03-19 13:34:07

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Хүчирхэг хөвгүүд” өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөгт Төв Политехник коллеж, ЕБС-ийн ахлах ангийн 50 хөвгүүн оролцож, Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүний нэгдсэн тооллого, тангараг давтах ёслол, дотоод үйл ажиллагаатай танилцлаа.


Тус өдөрлөгийг өсвөр насны хөвгүүдэд цэрэг эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, харилцааны ур чадварыг дээшлүүлэх, сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдэнд зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Төв аймгийн хүүхдийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.


Үйл ажиллагааны төгсгөлд бригадын генерал Ч.Цогтжаргал үг хэлэхдээ, "Эх орныхоо төлөө тангараг дор ажиллаж амьдарч байгаа Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд баярын мэнд дэвшүүлье. Ах, эгч нарынхаа цэргийн тангараг өргөх ёслолыг үзэж буй Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид та бүхэндээ “Эр цэргийн албаа хаах нь эр хүн бүрийн үүрэг. Ирээдүй таны гарт” гэх үгийг тодотгон хэлмээр байна. Ийм төрлийн танилцах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэдгийг харж байна" гэв.


Мөн өдөрлөгийн төгсгөлд хүүхэд, залуус цэргийн амьдралыг сонирхож танилцлаа.  


Зэвсэгт хүчний тухай хуулийн 3.1.8."хуурай замын цэрэг" гэж нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдал, иргэний аюулгүй байдлыг гадны зэвсэгт халдлага түрэмгийллээс хамгаалах цэргийн хүчнийг хэлдэг. Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний 70 гаруй орчим нь тус бүрэлдэхүүнд хамаарагддаг байна. 



関連ニュース