ОРХОН: Жилд 30 хүүхдийг тэтгэлэгт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн харьяат 17-23 насны иргэд БНСУ-ын Сүнчон үндэсний их сургуулийн хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй суралцахаар боллоо.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, сонгох боломжтой төрөлжсөн ахлах сургуулийг байгуулж төгсөгчдийг гадаадад их, дээд сургуульд суралцхад дэмжлэг үзүүлнэ” гэж тусгасан.
Энэхүү заалтын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд аймгийн Боловсролын газар БНСУ-ын Сүнчон их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд аймгийн 17-23 хүртэлх насны иргэд Сүнчон их сургуулийн хэлний бэлтгэлд тэтгэлгээр суралцах боломж бүрдээд байна.
Хоёр тал багагүй хугацаанд харилцан зөвшилцсөний эцэст тэтгэлгээр суралцуулах тухай журмаа батлан, иргэдэд мэдээлэхэд бэлэн болоод байна. Хэлний бэлтгэлийн нэгдүгээр улирлын сургалтын төлбөр 7 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс бүрэн хариуцна. Жилд 30 хүүхдийг тэтгэлэгт хамруулахаар тооцжээ.
Тэтгэлэг хүсэгчдийн бүртгэлийг удирдамжид заасны дагуу дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрийг дуустал Боловсролын газарт хүлээн авна. Тэтгэлэгт тэнцсэн сурагчид энэ оны есдүгээр сарын 1-нээс Сүнчон их сургуульд суралцахаар төлөвлөжээ.
Мөн тэтгэлэгт хамрагдсан суралцагчид хэлний бэлтгэлээ амжилттай төгсвөл бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлбөрөөс 30-70 хувиар хөнгөлөгдөх боломтой. Өөрөөр хэлбэл, хэлний бэлтгэлийн сурлагын дүн 60 хувь, ирц 70 хувиас дээш үнэлгээтэй суралцвал сургалтын төлбөрийн 30 хувь, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын III түвшинд тэнцсэн бол сургалтын төлбөрийн 70 хувь гэх мэт хөнгөлөлт эдлэх боломжтой.
Цаашлаад бакалаврын хөтөлбөрийн II улирлаас суралцагчийн өмнөх улирлын сурлагын амжилт, голч дүнг үндэслэн Сүнчон их сургуулиас тэтгэлэг олгоно. Өмнөх улиралд 4-4.5 /голч дүн/ үнэлгээтэй бол 100 хувь, 3.75 үнэлгээтэй бол 80 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. 2.9-өөс доош голч үнэлгээтэй суралцвал суралцагч өөрөө төлбөрөө хариуцахаар журамд тусгасан гэж аймгийн Боловсролын газрын дээд боловсрол хариуцсан арга зүйч Д.Энхцэцэг мэдээллээ.