Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоо нэвтрүүлэхийг дэмжиж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-07 14:41:05

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од ХБНГУ-ын Тюринген мужийн Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Баухаус Дитер, Гүйцэтгэх захирал Фалбуш Томас болон бусад төлөөлөгч, бизнес эрхлэгчийг хүлээн авч уулзлаа.


Ерөнхийлөгч Л.Төр-Од МҮХАҮТ-ын чиг үүрэг, ХБНГУ-тай хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг танилцуулж, танхимын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчныг сайжруулах, 21 аймгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн боловсрол, хүний нөөцийг бэлтгэхэд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.


Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Баухаус Дитер МҮХАҮТ-д мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог нэвтрүүлэхэд бүх талаар дэмжин ажиллах боломжтойг онцолсон байна.


ХБНГУ-ын ААН-үүд хэрэгтэй мэргэжилтнээ сургахаар захиалга өгч, ХАҮТ-үүд нь 200-300 төрлийн сургалт явуулдаг байна. Ингэхдээ ААН-ийн салбарын бүх төрлийг багтаасан судалгаа хийж, ажилтнуудыг нарийн шалгаруулж сонгон, компаниудад хүлээн зөвшөөрсөн мэргэжилтнүүдийг бэлтгэдгийг МҮХАҮТ мэдээлжээ.

 


関連ニュース