“Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаанд П.Баттулгын “Амин үр” бүтээл шилдгээр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-07 16:15:46

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. "Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдаанд шилдгээр шалгарсан 30 бүтээлийн үзэсгэлэнг Монголын театрын музейд нээлээ. 


Монгол Улсад хүүхдийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан ГБХНХЯ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүйн мэлмий” клуб хамтран мэргэжлийн зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд ”Монгол гэр бүл” уралдааныг зарласан. Монгол гэр бүлийг дэмжих, уламжлалт өв соёлыг сурталчлах, гэр бүл дотор өрнөдөг агшин, үйл явдлыг гэрэл сүүдрээр мөнхлөх зорилготой тус уралдаанд Улаанбаатар, Ховд, Дархан-Уул, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговь аймгийн 50 гаруй гэрэл зурагчны 200 гаруй бүтээлийг ирүүлжээ. Эндээс шилдэг 30 гэрэл зургийг шалгаруулж, өнөөдрийн үзэсгэлэнг нээж буй юм.


“Монгол гэр бүл” уралдааны мэргэжлийн зураг төрөлд П.Баттулга “Амин үр” бүтээлээрээ тэргүүллээ. Тэрбээр 2019 оноос нүүдлийн өв соёл төсөл хэрэгжүүлж, нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан зураг авч эхэлжээ. Уралдаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын баруун тайгад өнгөрсөн оны 9-р сард очихдоо авсан цаатан гэр бүлийн зургаар оролцсон байна. 


Тэрбээр ярихдаа, "Амин үр" зургаа цаатан айлын нүүдэл хийх үед урцанд нь авсан. Энд байгаа модон өлгийтэй ой хүрээгүй жаал бол энэ айлын зээ охин. Түүний ээж хотод байдаг.

Ой хараахан хүрээгүй хэлд ороогүй жаал маань тайгынхаа урцад өвөө, эмээ, үеэлүүдийнхээ дунд өсөж торниж байна. Үеэлүүд нь түүнийг эрхлүүлэх гэж идчих шахна.

Нүүдэлчид бол дэлхий нийтийн энгийн аж төрөх хэв маягийг биеэрээ үлгэрлэж яваа хүмүүс гэж боддог. Тэгэхээр энэ шагналыг авахад туслалцаа үзүүлсэн нүүдэлчин малчдадаа баярласнаа илэрхийлье” хэмээв.



Гэрэл зурагч сонирхогч Ц.Батбаяр Говь-Алтай аймгийн Цээл сумын дунд сургуульд математик, физикийн багшаар ажилладаг. Сүүлийн 10 жилд өөрийн сонирхлоороо зураг авч байна. Энэ уралдаанд “Зочилсон нь” зургаараа оролцож  тэргүүн байр эзэлжээ.


Ц.Батбаяр хэлэхдээ, Би орон нутагт амьдардаг. Гэрэл зураг авах сонирхолтой учраас үүнийгээ хөгжүүлээд л явж байна. Манай сумын 100 жилийн ой өнгөрсөн онд болсон. Тэр ойгоороо сумынхаа байгалийн зургуудыг авч, томоохон цомог гаргасан. Энэ нь миний зургаар хичээллэж, сонирхож явсны маань үр дүн юм. Уралдаан тэмцээнд төдийлөн орж байгаагүй. Энэ бол миний оролцож байсан хамгийн том тэмцээн юм. “Зочилсон нь” зургийг цагаан сарын үеэр санаандгүй авсан. Аав ээжтэйгээ айлд ирсэн хоёр жаахан хүү гар дүүрэн бэлгээ авч байгаа агшинг харуулсан юм. Ер нь ямар нэгэн үйл явдлын тухайн агшинг гоёор авсны дараа үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж авдаг. Магадгүй зураг авдаг хүмүүс л ойлгох байх. Энгийнээр хэлэхэд үнэхээр их баярладаг" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


 "Монгол гэр бүл" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. 








関連ニュース