Бүтээлч байдал, инновацын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-21 15:35:17

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2024 оны Глобал инновацын индексээр дэлхийн 133 орноос 67 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.


Энэ нь IT үйлдвэрлэл, үйлчилгээ, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг харуулж байгааг ЦХИХХЯ мэдээлжээ. Иймд тус яам ирэх жилүүдэд дээрх үзүүлэлтийг 10 байраар урагшлуулах, инновацад суурилсан гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчныг сайжруулах, гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэх, төрийн өмчийн их сургуулиудыг судалгааны их сургууль болгон хөгжүүлж, академик эрх чөлөөг ханган, инновацын экосистемийг бүрдүүлэхийг зорьж байна.


Мөн, шинжлэх ухаан, технологийн зардлыг ДНБ-ий 1 хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлэх, IT, судалгаа хөгжүүлэлт, инновацын үйл ажиллагаа эрхлэх татварын хөнгөлөлттэй чөлөөт бүс, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх, үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбарын бүтээмж, экспортыг нэмэх чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэх аж. 



関連ニュース