Увс аймаг ОХУ-ын Алтайн хязгаартай хамтарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотод өнгөрсөн долоо хоногт албан ёсны айлчлал хийгээд ирлээ.
Тэднийг Алтайн хязгаарын амбан захирагчийн орлогч Н.А.Лукьянов тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Засаг дарга Д.Батсайхан аймгийнхаа газар зүй болон нийгэм эдийн засгийн талаар танилцуулга хийж, Алтайн хязгаарын хэд хэдэн салбартай хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна. Тухайлбал, Увс аймаг баруун бүс нутагтаа хамгийн эрүүл малтайд тооцогддог бөгөөд махны экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий туршлагатай компаниудтай тул Алтайн хязгаарт мах нийлүүлэх боломжтой гэжээ. Мөн чацарганы боловсруулалтын талаар хамтран ажиллах, сайн чанарын үрийн буудай авах, Алтайн хязгаарын их, дээд сургуулиудад Увс аймгаас оюутан сургах, ХАА-н салбарын мэргэжилтнүүдийг давтан бэлтгэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж жуулчдад зориулсан хамтарсан олон улсын маршрут боловсруулж жуулчин солилцох, дулааны станцын шаардлагатай тоног төхөөрөмжийг Бийскийн зуухны үйлдвэрээс нийлүүлэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан байна.
Уулзалтад оролцсон Алтайн хязгаарын төлөөлөгчид манай талаас тавьсан хамтран ажиллах саналуудыг сонсоод нааштай хариу өгчээ.
ОХУ-ын Алтайн хязгаар нь газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, машин үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа эдийн засаг, био бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг томоохон үйлдвэрлэгч бүс нутаг байна.
Увс аймаг Б.Батхүү