СЭЛЭНГЭ: Ч.Батдорж: Байгалийн гэрэл зургийг нэг өнцгөөс авахад дахин давтагддаггүй
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 26
/МОНЦАМЭ/. Монгол Улсад гэрэл зургийн байгууллага үүсэж хөгжсөний 90
жилийн ойд зориулан улс даяар зохион байгуулж байгаа “Мongolian фото веек-2025”
үйл ажиллагааны хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны удирдах
зөвлөлийн гишүүн, Сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүн гэрэл зурагчин
Ч.Батдоржийн “Уул ус мину” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.
Зурагчин Ч.Батдорж 10 жилийн сургуулийн
сурагч байхаасаа гэрэл зургийг сонирхон авч эхэлсэн байна. Улмаар 1990-ээд
оноос хойш мэргэжлийн гэрэл зургийг сонирхон тэр дундаа байгаль, монгол ахуй,
хөрөг зургийг шимтэн авч эхэлжээ.
Энэ чиглэлээрээ монгол орныхоо олон
газраар явжээ. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй
Сэлэнгэ нутгийнхаа байгалийн сайхныг дүрслэн буулгах илүү дуртай хэмээн
тэрбээр хэллээ.
Энэ ч утгаараа аймгийнхаа онгон дагшин газар нутгийг буулгасан зургаараа үзэсгэлэнгээ дэлгэжээ.
Тэрбээр 2000
оноос зургаа сан үүсгэн дижитал хэлбэрээр хадгалж эхэлжээ.
Яагаад
байгалийн гэрэл зургийг сонирхон шимтэн авах болсон талаараа Ч.Батдорж ийн
ярилаа.
-Байгалийн гэрэл зургийг нэг өнцгөөс
авахад дахин давтагдашгүй онцлогтой, гайхамшигтай. Тухайн зураг авч
байх үеийн байгалийн өнгө, гэрэл сүүдэр, нарны байдал, үүлний хэлбэр дүрс, бүгд
өөр өөр байдаг.
Ийм учраас тухайн орчинд очоод авах
бүрд өөр өөр өнцөг, өөр өөр дүр төрхийг байгаль өөрөө харуулж байдаг. Нэг өглөө
очоод л зураг авахад манантай байхад нөгөө өдөр нь нар туссан байх жишээтэй. Нар
нь хүртэл гоё, өөр өнгийг үзүүлдэг. Иймээс би байгалийн гэрэл зураг авах
дуртай.
Мөн авсан зургаа цахим орчинд
хүмүүст хүргэх мөн дуртай. Гэрэл зургаасаа би байгалийн сайхныг мэдэрдэг. Онгон дагшин байгаль маань энэ хэвээрээ л байгаасай, монгол орны минь ахуй
амьдрал яг энэ чигээрээ байгаасай гэж хүсдэг.
Үүнийгээ би түүх болгон авч үлдэж байгаа юм даа. Уул усны зураг авчихсан байхад дараа очиход ямар нэг өөрчлөлт
үзүүлээд уул уурхай болгочихсон, хашаа барьчихсан ч байх жишээний олон өөрчлөлт
гарсан байдаг.
Иймээс би үнэн, бодит түүхийг
үлдээхийн тулд зураг авдаг. Гоё сайхан зураг авчихаад түүнийгээ хараад
кайф авах сайн шүү дээ. Мөн түүнийгээ хараад авах ёстой өнцөг мөн үү, үгүй юу
гээд бас анзаарч ажиглан харж зогсох дуртай.
Би энэ удаад 30 шилдэг
зургаараа үзэсгэлэн гаргасан. Зөвхөн Сэлэнгэ аймаг төдийгүй монгол орны өндөг
булан бүрд очиж авсан гэрэл зураг энд бий хэмээн ярилаа.
Тус үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга хамтран зохион байгуулж байна.