Монгол, АНУ-ын хооронд тавдугаар сарын 1-нээс нислэг үйлдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК энэ оны тавдугаар сарын нэгнээс эхлэн Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэнэ.
Үүнтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээг өчигдөр байгуулжээ. Тус гэрээ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, АНУ-ын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүдийг тусгаснаараа онцлогтойг Иргэний нисэхийн үндэсний төв мэдээллээ.
"Юнайтэд Эйрлайнс" компани 2025 онд найман чиглэлд нэмж нислэг үйлдэх болсноо зарлаж, үүнд нь Монгол Улс багтжээ.
Манай улсын агаарын тээврийн нислэгийн зуны улирлын хуваарийн дагуу АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” компани долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх юм.
Зам, тээврийн сайдын 2023 оны тушаалаар Монгол Улс, АНУ-ын Засгийн газар агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулсан. “МИАТ” ТӨХК нь 2024 онд АНУ-ын Тээврийн яаманд нислэг үйлдэх буюу эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасантай холбогдуулан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA) шалгалтын бэлэн байдалд техникийн үнэлгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд гэрээ байгуулсан билээ.