Дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-29 12:13:41

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Боловсролын яам, "Сонсголгүй боловсрол” ТББ-тай хамтран “Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг, чадвар олгох сургалт”-ыг зохион байгуулж байна.


Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) Олон улсын байгууллагын “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус сургалт нь төрийн албан хаагчдын дохионы хэлний ур чадварыг хөгжүүлж, сонсголгүй иргэдтэй дохионы хэлээр харилцах боломжийг нэмэх зорилготой юм.


Сургалтад салбарын яам, түүний харяа байгууллагын 50 албан хаагч оролцож, 30 цагийн хөтөлбөрт хамрагдаж байна.

Тэд дохио, зангаа, биеийн хэлэмж, нүүрний хувирлыг ашиглан өөрийгөө илэрхийлэх, сонсголын бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй өдөр тутмын сэдвээр харилцаж, тэдний өвөрмөц онцлог, ахуй соёлын хэрэгцээг ойлгох мэдлэг, чадварыг эзэмших аж. 


“Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалт” тавдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. 

関連ニュース