Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691.998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 40.7 хувь, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38 хувь өссөн дүнтэй байгаа аж.
Тэгвэл Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн 271 хүн, 30 автомашинтай ажиллаж байна. Түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, 3 автомашинтай хөдөлсөн. Тус түймэрт урьдчилсан байдлаар Хушаат суманд 2 гэр, 3 өвөлжөө, 1 ковш өртөж шатсан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулж, хойд хэсэгт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн 150 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртжээ.
Харин Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан түймрийн голомтод НОБГ-ын дарга хурандаа Г.Галбадрахаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид ажиллаж, өчигдөр 23:10 цагт цурамд оруулан, өнөөдөр бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.