МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

“Дэлхийн байгаль хамгааллын конгресс” Абу Даби хотноо болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-12 11:56:24

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.  Олон улсын байгаль хамгаалах холбооноос дөрвөн жил тутамд зохион байгуулдаг “Дэлхийн байгаль хамгааллын конгресс”  АНЭУ-ын Ерөнхийлөгч, Эрхэмсэг дээд Шейх Мохамед бин Заед Аль Нахайяны ивээл дор энэ сарын 9-15-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж байна. 


БОУАӨЯ-ны мэдээлснээр, Дэлхийн 160 гаруй улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллага, нутгийн уугуул иргэд, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээ, хувийн хэвшлийн 10,000 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.


Энэхүү үйл ажиллагаанд Монгол орны байгаль хамгааллын сайн туршлага, COP17 хурлын хамтын ажиллагааг өргөжүүлж буйгаараа онцлог юм. Конгрессын албан ёсны нээлтийн үйл ажиллагааг Абу Дабигийн хунтайж, Абу Дабигийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Эрхэм дээдэс Шейх Халед бин Мохаммед бин Заед Аль Нахайян нээж үг хэлжээ. Нээлтийн үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Палау Улсын Ерөнхийлөгч Сурангел Уипс, Мороккогийн Гүнж Лалла Хасна, Панамын Байгаль орчны сайд Хуан Карлос Наварро, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэд захирал Элизабет Марума Мрема, IUCN-ийн Ерөнхийлөгч Разан Халифа Аль Мубарак, IUCN-ийн Ерөнхий захирал доктор Гретел Агуйлар нар оролцож экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.


IUCN-ийн Ерөнхийлөгч хатагтай Разан Аль Мубарак: “Энэ долоо хоногийн гаргах шийдвэрүүд энэ цаг үеийн хамгийн хэцүү сорилтуудыг бид хамтын зориг, хүчин чармайлтаар давж чадах уу үгүй юу гэдгийг тодорхойлно” хэмээв.

IUCN-ийн Ерөнхий захирал Доктор Грэтел Агуйлар хэлсэн үгэндээ “Бид хамтдаа дэлхий нийтэд өөрчлөлт боломжтой гэдгийг, нэгдэл нь хуваагдлаас илүү хүчтэй бөгөөд байгаль эх дэлхийтэйгээ зэрэгцээ байдлаар цэцэглэн хөгжих боломж байгаа гэсэн хүчирхэг мессежийг өгч чадна” хэмээжээ.


Конгрессийн гол үйл ажиллагааны нэг нь Гишүүдийн ассамблей бөгөөд ассамблейн хурлаар үндсэн санал санаачилга, IUCN-ийн албан ёсны тогтоол, зөвлөмжүүдийг баталж даян дэлхийн хөгжлийн бодлого, байгаль орчны бүх асуудлаар тулгуур чиглэлийг тодорхойлж өгдөг аж.


Монгол Улсаас БОУАӨЯ, COP17 Ажлын албаны төрийн төлөөлөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, GIZ Монгол, Хустайн байгалийн цогцолборт газрын захиргаа, хүүхэд залуучуудын төлөөлөл оролцож байна.






 

関連ニュース