Макаогийн шигшээ Монголыг хожсоноор хагас шигшээд үлдэх зорилт тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТКУАЛА-ЛУМПУР./Ghanasoccernet/. Азийн Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "AFC Solidarity Cup" тэмцээнд Макаогийн шигшээ баг шилдэг дөрөвт шалгарах зорилт тавьсан гэж тус багийн дасгалжуулагч Там Лао Сан хэллээ.
Тэд эхний тоглолтоо “Саравак” цэнгэлдэхэд Монголын шигшээ багтай хийх юм. Тус хоёр баг "В" хэсэгт Лаос, Шри-Ланкийн багуудтай өрсөлдөнө.
Тус хоёр улсын шигшээ багууд зургадугаар сард Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод 2:2-оор тэнцэж байсан хүч тэнцүүхэн багууд юм. Урьдчилсан шатны шалгаруулалтад энэ хоёр баг Тайванийн багт хожигдсон билээ.
Азийн Хөлбөмбөгийн холбооноос шинээр зохион байгуулж буй "AFC Solidarity Cup" тэмцээн нь Азийн чансаа доогуур орнуудад алдар нэрээ өргөх боломжийг олгож байна. Макаогийн шигшээ баг тэмцээнийг ялалтаар эхлүүлбэл цаашид хагас шигшээд үлдэх зорилтдоо хүрэхэд алхам урагшлах юм гэж дасгалжуулагч Там ярьж байна.
“Энэ тэмцээн нь түвшин ойролцоо багууд хоорондоо тоглолт хийх боломжийг олгож байна. Ирэх онд бидэнд зориулсан ийм тэмцээн болохгүй учир энэ удаагийн тоглолт их ач холбогдолтой. Энэ тэмцээнд бид дор хаяж гурван удаа өрсөлдөөн ихтэй тоглолт хийх бөгөөд ингэснээр бидний тоглолт улам сайжрах юм” гэж тэрбээр хэллээ.
Мөн тэрбээр “Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан тэмцээнд бид ялагдал хүлээсэн ч гэлээ гайхалтай тэмцээн болж өнгөрсөн. Бид Монголын шигшээтэй хийсэн тоглолтод 2:2-оор тэнцсэн нь хоёр багийн хувьд тооны шударга харьцаа байсан. Одоо бид харилцан бие биеэ мэддэг болсон, тиймээс бид маргааш болох тоглолтын үеэр монголчуудаас урьтаж өөрсдийн хүч боломжоо ашиглана гэж найдаж байна” гэв.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын шигшээ баг Умард Марианы арлуудын шигшээ багийг 8:0 харьцаатайгаар хол илүү буулган авсан боловч Макаогийн шигшээ багтай эн тэнцүү өрсөлдөж 2:2 харьцаагаар тэнцсэн билээ.
Монголын шигшээ багийг дасгалжуулж буй Японы дасгалжуулагч Тошиаки Имай Монголын хүйтэн өвлөөс зайлсхийж, Хятад дахь бэлтгэлийн баазад ирээд байгаа ажээ. Тэрбээр “AFC Solidarity Cup” тэмцээн эхлэхээс өмнө Монгол шилдэг тамирчидтай уулзаж, заавар зөвлөгөөгөө өгнө.
“Би баг тамирчидтай нэгдээд хоёр долоо хонож байна. Энэ нь бага хугацаа хэдий ч тамирчдын ур чадвар ахисан байна. Тэд маргааш сайн тоглох байхаа. Макаогийн шигшээ багийн тамирчид залуу боловч идэвх сайтай, хамгийн сүүлд тэдэнтэй тоглоход бидний хувьд их хүнд байсан. Монголд өвөлдөө их хүйтэн байдаг учир тамирчид өвөл тоглодоггүй. Мөн олон улсын тэмцээн цөөхөн болдог учир энэ тэмцээн монголчуудын хувьд маш чухал юм. Бид Малайзад ирэхээсээ өмнө Хятадад очиж, дулаан уур амьсгалтай газар бэлтгэл хийсэн, бэлтгэл ч хангагдсан гэж бодож байгаа” гэж Тошиаки Имай ярилаа.
Д.Нямтулга