Биткоины ханш эргэн сэргэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 9 /Reuters/. АНУ, Их Британийн хооронд худалдааны гэрээ байгуулснаар Ерөнхийлөгч Дональд Трампын дэгдээсэн дэлхийн худалдааны дайн намжиж магадгүй нөхцөл байдал үүссэний дараа пүрэв гарагт биткоины ханш хоёрдугаар сарын эхэн үеэс хойш анх удаа 100 мянган ам.доллароос давж өсжээ.
Пүрэв гаргийн үд
дунд гэхэд биткоин 101 329.97 ам.доллараар арилжаалагдаж байсан нь тухайн
өдрийн арилжаа нээгдсэнээс хойш 4.7 хувиар өссөн байна. Ингэснээр дэлхийн
хамгийн том криптовалютын ханш нэгдүгээр сард түүхэн дээд үзүүлэлт буюу 109
мянган ам.доллароос давж байсантай харьцуулахад доогуур хэвээр байгаа боловч
сэргэж эхэлжээ. Мөн эфириумийн ханш 14 хувиар өсөж 2050.46 ам.долларт хүрсэн байна.
Д.Трамп, Их
Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын пүрэв гарагт зарласан худалдааны
гэрээгээр Америкт импортолж буй Британийн бараанд 10 хувийн татвар ногдуулах
бол Их Британи татвараа 5.1 хувиас 1.8 хувь болгон бууруулж, Америкийн бараа
бүтээгдэхүүнийг илүү их хэмжээгээр нэвтрүүлэхээр тохиролцжээ. Д.Трамп нэгдүгээр
сард Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа худалдааны түншүүддээ татвар ногдуулан
дэлхийн худалдааны дайныг эхлүүлснээс хойш байгуулсан анхны гэрээ нь энэ болж байна.
Д.Трамп криптовалютыг
дэмжсэн шинэчлэлүүдийг удаан хийж байгаад арилжаалагчид
бухимдах болсноор биткоин болон бусад криптовалютын ханш 2-4 дүгээр сард огцом
унасан юм. Улмаар дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч өргөн цар хүрээтэй гаалийн тариф ногдуулах тухай зарласнаар криптовалютуудын ханш хувьцаа болон бусад эрсдэлтэй
хөрөнгүүдийнхтэй адил буураад байв.