Б.Нетаньяху: Израил улс Газын зурвасыг бүхэлд нь хянана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-22 09:58:31

ЙЕРУСАЛИМ, 2025 оны тавдугаар сарын 22 /BBC/. Газын зурваст үргэлжилж буй байлдааны ажиллагаа дууссаны дараа Израил улс тус зурвасыг бүхэлд нь хяналтдаа авах болно гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху лхагва гарагт мэдэгджээ. 


Тэрбээр хэлэхдээ, улс орны аюулгүй байдлыг хангах цорын ганц арга зам бол Палестины нутаг дэвсгэрт явуулж буй ажиллагааны дараа Газын зурвасыг бүхэлд нь хянах явдал мөн гэсэн байна.


Үүний зэрэгцээ Израилын тал Газад барьцаанд байгаа хүмүүсийг суллахын тулд түр гал зогсооход бэлэн байгааг Б.Нетаньяху илэрхийлсэн байна. “Хэрэв барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд түр гал зогсоох хувилбар байгаа бол бид үүнийг зөвшөөрөхөд бэлэн байна” гэж тэрбээр телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгдээд, барьцааны 20 хүн амьд байгаа нь гарцаагүй хэмээн дурджээ.


Мөн хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг тэрбээр онцлоод, Газад тусламж хүргэх гурван үе шаттай төлөвлөгөөг танилцуулжээ. Үүнд эн тэргүүний хэрэгцээт зүйлсийг тус зурваст хүргэх, Израилын цэргийнхний хамгаалалтан дор Америкийн компаниуд хоол хүнс түгээх цэгүүдийг нээх, Газын аюулгүй байдлын хяналтыг гартаа авсны дараа энгийн иргэдийг хамгаалах бүс байгуулах зэрэг багтсан байна.


Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааг зогсоох, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхийн тулд олон улсын зүгээс Израилын засгийн газарт үзүүлж буй шахалтаа чангатгасаар байгаа юм. Үүний зэрэгцээ, “Хил хязгааргүй эмч нар” тусламжийн байгууллага мэдэгдэхдээ, Израилын зүгээс нэвтрүүлэхийг зөвшөөрсөн тусламжийн хэмжээ хангалтгүй байна гэжээ.

 



関連ニュース