“Nike” компани бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 22 /BBC/. Америкийн “Nike” компани ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэн зарим бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөр шийдвэрлэснээ мэдэгджээ.
Спорт хувцасны салбарт тэргүүлэгч тус компани бүтээгдэхүүнийхээ үнэд өөрчлөлт оруулах шийдвэрийг “улирлын төлөвлөгөө”-ний хүрээнд гаргаж байгаагаа мэдэгдсэний зэрэгцээ дэлхийн худалдаанд
нөлөөлж буй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын татварын бодлогын талаар дурдаагүй байна.
Тус компани 2019 оноос хойш анх удаагаа “Amazon” платформоор бүтээгдэхүүнээ
шууд борлуулна гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн
сард өрсөлдөгч “Adidas” компани мэдэгдэхдээ, Д.Трампын ногдуулсан татвар нь “Gazelle”, “Samba” зэрэг хэрэглэгчдийн дунд алдартай пүүзнүүдийн үнийг
өсөхөд хүргэнэ гэж анхааруулсан юм.
Ингэснээр зургаадугаар
сарын 1-нээс эхлэн 100 ам.доллароос дээш үнэтэй ихэнх “Nike” пүүзний үнэ 10 хүртэлх ам.доллароор өсөх ажээ. Түүнчлэн спортын хувцас, хэрэгслийн үнийг мөн
2-10 ам.доллароор нэмэгдүүлнэ. Харин “Air Force 1” загварын пүүз, 100 ам.доллароос доош үнэтэй гуталнууд, мөн
хүүхдийн бүтээгдэхүүнүүд,
“Jordan” брэндийн хувцас,
дагалдах хэрэгслүүдийн үнэ өсөхгүй
гэнэ.
Д.Трампын худалдааны бодлогын
тодорхойгүй байдал нь дэлхий даяарх компаниудад нөлөөлж байна. Дөрөвдүгээр сарын 2-нд
зарласан дэлхийн улс орнуудад “харилцан
татвар” ногдуулах шийдвэрийн хэрэгжилтийг 90 хоногоор
хойшлуулаад байгаа бөгөөд энэ хугацаа долоодугаар сарын эхээр дуусах юм.