Умард Солонгосын байлдааны хөлөг онгоцны ослыг мөрдөн шалгаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-23 11:48:15

ПЁНЬЯН, 2025 оны тавдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал байлдааны хөлөг онгоцыг усанд тавих үеэр саяхан гарсан ослыг мөрдөн шалгаж эхэлсэн тухай мэдэгдсэн боловч учирсан хохирлын хэмжээ ноцтой биш гэж мэдээлснийг тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд өнөө өглөө уламжилжээ.


Лхагва гарагт зүүн нутгийн Чонжин боомт хотод болсон ёслолын үеэр 5000 тоннын даацтай шинэ хөлөг онгоцны хэсэг эвдэрч сүйджээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун уг ослыг тэвчихийн аргагүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл” хэмээн шүүмжилсэн байна.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, хөлөг онгоцны усан доорх хэсэг болон хөлөг дотор хийсэн нарийвчилсан үзлэг шалгалтаар байлдааны хөлөг онгоцны ёроолд ямар ч цоорхой байхгүй болохыг баталсан байна. Усанд автсан хэсгээс далайн усыг соруулж, хөлгийн тэнцвэртэй болгоход хоёр, гурав хоног шаардлагатай бөгөөд байлдааны хөлгийн хажуу талыг сэргээн засварлахад 10 орчим хоногийн хугацаа шаардлагатай байж магадгүй гэж мөрдөгчдийн зүгээс эрх баригч Хөдөлмөрийн намын Цэргийн төв зөвлөлд мэдээлжээ.


Тус зөвлөлийн зүгээс байлдааны хөлөг онгоцны хохирлын хэмжээг ноцтой биш гэж дүгнэсэн боловч ослын шалтгаан, буруутай этгээдүүдийг сайтар тогтоохыг үүрэг болгосон байна. Энэ ослыг ноцтой асуудал гэж үзэх нь байлдааны хөлөгт учирсан гэмтэл, эдийн засгийн хохирлоос шалтгаалаагүй. Харин аливаа салбарт ноёрхож буй болгоомжгүй, хариуцлагагүй байдал, шинжлэх ухааны үндэслэлгүй хандлагад хүчтэй цохилт өгөх, аюулын харанга дэлдэх явдал юм гэж тус зөвлөл мэдэгджээ.


Чонжин усан онгоцны үйлдвэрийн менежер Хон Кил Хог пүрэв гарагт хууль сахиулах байгууллагад дуудаж, буруутай этгээдүүдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Хөлөг онгоцыг пүрэв гарагт усанд тавих явцад хөлгийн ёроолын зарим хэсэг эвдэрч, хөлгийн тэнцвэр алдагджээ.


Өмнөд Солонгосын цэргийнхний мэдээлснээр, Умардын тал хөлгийг хажуулдуулан усанд тавих техникийг ашиглаагүй бололтой бөгөөд хөлөг онгоцны зарим хэсэг хөмөрсөн байдалтай хэвээр байна. Умардын хэвлэлүүд байлдааны хөлөг онгоц осолдсон тухай пүрэв гарагт мэдээлсний дараа Умард Солонгос Зүүн тэнгис рүү олон далавчит пуужин харважээ.

 


関連ニュース