К.Анчелотти анхны хэвлэлийн хурлаа хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 27 /РИА Новости/. Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар саяхан томилогдсон Карло Анчелотти хэлэхдээ, миний бие бразилчуудыг дэлхийн зургаан удаагийн аварга болгох өндөр үүрэг хариуцлагыг өөртөө дуртайяа хүлээж байна гэв.
Бразилын хөл бөмбөгийн холбоо
Анчелоттиг тус улсын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилсноо
энэ сарын 12-нд мэдэгдсэн билээ. Түүнтэй байгуулсан гэрээ 2026 оны ДАШТ хүртэл үйлчлэх юм. Итали дасгалжуулагч Бразилын шигшээг 6 дугаар сард болох ДАШТ-ий
урьдчилсан шатны Эквадор, Парагвайтай хийх тоглолтуудад бэлтгэнэ. Шинэ албанд
томилогдсон тэрбээр даваа гарагт анхны хэвлэлийн хурлаа хийжээ.
“Би бүр эртнээс, 1980-аад оноос
Бразилтай холбоотой болсон юм. Би Фалькао, Серезо нартай хамт тоглож, Бразилын
34 хөлбөмбөгчнийг дасгалжуулж байлаа. Ой санамж сайтай учраас би тэднийг
бүгдийг нь нэрлэж чадна, харин хэн нэгнийг дурдалгүй орхигдуулваас үл хүндэтгэсэн
хэрэг болно. Роналдиньо, Роналдо, Пато, Кака, Дуглас Коста, Эмерсон, Аморозо,
Роке Жуниор, Дида, Марсело, Дуглас Коста, Кафу, Эндрик, Родриго, Винисиус,
Милитао гээд нэрлээд байвал олон хүн бий” хэмээн Анчелотти ярив.
Чухам яагаад Италийн шигшээг бус
харин Бразилын багийг дасгалжуулж байгаа юм бэ гэсэн асуултад тэрбээр
хариулахдаа “яагаад гэвэл Италид одоо дасгалжуулагч байгаа, өөр дасгалжуулагч шаардлагагүй.
Намайг Италийн шигшээд хэзээ ч урьж байгаагүй, харин Бразилаас урилга ирлээ. Бразилчууд
таван удаа дэлхий аварга болсон, одоо зургаа дахь удаагаа болохыг хүсэж байна,
үүний тулд намайг сонгосон. Энэ бол асар өндөр үүрэг хариуцлага, гэхдээ үүнийг би
өөртөө дуртайяа хүлээж байна” гэлээ.
Өдгөө 65 настай Анчелотти Италийн “Режана”, “Парма”, “Ювентус”, “Наполи”, Английн “Челси”,
“Эвертон”, Францын ПСЖ, Германы “Бавариа”, Испанийн “Реал Мадрид” багуудыг
дасгалжуулж байсан юм. Түүний удирдсан “Милан” баг 2 удаа, “Реал” 3 удаа
Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлснээр дасгалжуулагчийн хувьд Анчелотти рекорд амжилт тогтоогоод байна.