Туркийн 50 мянган хоригдолд өршөөл үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-30 11:04:58

АНКАРА, 2025 оны тавдугаар сарын 30 /KAZINFORM/. Туркийн Хуульзүйн яам болон эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын депутатууд хамтран хуульд багц нэмэлт өөрчлөлт оруулснаар 45-50 мянган хоригдол суллагдах төлөвтэй байна.


Хуулийн төслийг энэ долоо хоногт парламентад өргөн барих бөгөөд исламын шашинтнуудын Рамадан-байрам баярын өмнө батлахаар төлөвлөжээ.


Өнөөдрийн байдлаар Туркийн шоронгуудад 410 мянга гаруй хүн хоригдож байгаа бөгөөд хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн дагуу ялын хугацаа нь дуусахад 3-аас доош жил үлдсэн тохиолдолд хоригдогсод хугацаанаас өмнө суллагдаж, үлдсэн ялаа шоронгоос гадуур хатуу хяналтын дор эдлэх ажээ. Гэхдээ хоригдлуудын хэргийг тусгай ажиглах комисс нэг бүрчлэн хянах бөгөөд сэтгэцийн эмгэгтэй, хүчирхийлэл үйлдэж болзошгүй хэрэгтнүүдийг ялаас чөлөөлөхгүй ажээ.   


Үүний зэрэгцээ давтан гэмт хэрэгт үйлдэгчдийн ялыг хөнгөлөх асуудлыг хэлэлцэж байна. Одоогийн байдлаар тэд “ердийн хөнгөн гэмт хэрэг” үйлдсэн ч гэсэн хорих ялаа бүрэн эдэлж дуусгаж байгаа нь шударга бус бөгөөд хоригдогсод засран хүмүүжихэд саад учруулж байна гэж эрх баригч нам үзжээ.


Түүнчлэн “жижиг зөрчил”-д ногдуулах шийтгэлийг чангатгахаар хуулийн төсөлд тусгажээ. Өмнө нь 2 хүртэлх жилийн ялыг биеэр эдлүүлэх нь ховор байсан бол хуульд оруулах өөрчлөлтийн дагуу 5-7 хоногийн хугацаанд заавал хорих ёстой болж байна.  


Түүнээс гадна террорист байгууллагад гишүүнээр элсээгүй атлаа тухайн байгууллагын ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагаа явуулсан хүнд ногдуулах ялын хэм хэмжээг Туркийн Үндсэн хуулийн цэц "ойлгомжгүй, тодорхой бус" гэж үзжээ. Гэхдээ үүний оронд шинэ томьёоллыг  санал болгоогүй байна.  


Өргөн барих гэж буй хуулийн төсөл нь шоронгуудын ачааллыг бууруулах, ял шийтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх, хоригдогсдыг нийгэмшүүлэх ажлын хяналтыг сайжруулах зорилготой юм.  


Туркэд үйлчилж буй хуулиар, луйвар, авлигын болон хүнд ба онц хүнд хэрэгт маш олон жилийн хорих ял оноож байгаагаас үүдэнд тус улсын шоронгуудын ачаалал хэтрээд байгаа ажээ. Нэг жишээ дурдахад, Туркийн эмнэлгүүдийн 47 ажилтнаас бүрдсэн нэгэн гэмт бүлэглэлийнхэн шинээр төрсөн хүнд өвчтэй нярай хүүхдүүдийг хувийн эмнэлгүүдэд хууль бусаар шилжүүлэн өгч, ашиг олж байсан гэх хэрэг улс орон даяар дуулиан тарьсан байна. Хэрэгтнүүд 177-оос 582 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлжээ.  

 

 

関連ニュース