“Haribo” компани бүтээгдэхүүнээ эргүүлэн татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-05-30 11:22:02

АМСТЕРДАМ, 2025 оны тавдугаар сарын 30 /DW/. Германы чихэр үйлдвэрлэгч Haribo” компани Нидерландад Happy Cola F!ZZ нэртэй гурван уут чихрээс каннабис илэрсний дараа тус улсаас бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татжээ. 


Энэхүү шийдвэр нь зөвхөн Нидерландад нийлүүлсэн 1 кг-ын савлагаатай чихэрт хамаарна. Тодруулбал, “Haribo 2026 оны нэгдүгээр сар хүртэлх хадгалах хугацаа бүхий “L341-4002307906 бүтээгдэхүүний кодтой Happy Cola F!ZZ чихрүүдийг буцаахыг худалдан авагчдаас хүссэн байна.


Нидерландын Хүнс, хэрэглээний бүтээгдэхүүний аюулгүй байдлын газрын /NVWA/ мэдэгдсэнээр, каннабис агуулсан бүтээгдэхүүн цөөн байгаа хэдий ч Haribo компани урьдчилан сэргийлэх зорилгоор бүх чихрийг эргүүлэн татах шийдвэр гаргажээ.


NVWA-ийн хэвлэлийн төлөөлөгч Саида Ахядын хэлснээр, уг чихрийг идэх үед толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ажээ. “Колатай чихрийг идсэний дараа бие нь тавгүйрхсэн тухай хүүхэд, насанд хүрэгчид болох хэд хэдэн хүн мэдүүлсний дараа цагдаа нар NVWA-д мэдэгдсэн гэж тэрбээр хэлээд, уг чихрийг идэж болохгүй гэдгийг нэмж хэлжээ.


Каннабис бүтээгдэхүүнд нь хэрхэн нэвтэрснийг шалган тогтоохын тулд Haribo компани Нидерландын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна. Компанийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Патрик Такс Франс Пресс агентлагт хэлэхдээ, бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаг бөгөөд энэ хэрэг явдлыг маш нухацтай шалгаж байна гэлээ. Олон улсад нэр хүндтэй амттан үйлдвэрлэгч тус компани 1965 оноос колатай чихэр үйлдвэрлэж эхэлжээ.

 


関連ニュース