Канадад дэгдсэн түймрийн утаа Европт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-06-04 14:46:58

ОТТАВА, 2025 оны зургаадугаар сарын 4 /AFP/. Канадад 26 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргээд буй ой хээрийн түймэр мягмар гарагт хурдтай тархаж, Канад, Америкийн олон сая хүн амьдардаг бүс түймрийн утаанд бүрхэгдээд зогсохгүй түймрийн утаа Европт хүрчээ


Канад болон хөрш зэргэлдээ орших АНУ-ын зарим нутагт агаарын чанар аюултай түвшинд хүрч байгааг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргасан байна. Түүнчлэн их хэмжээний утаа Европт хүрээд байгааг Европын Холбооны Цаг уурын хяналтын албанаас мягмар гарагт мэдээлжээ. 


Канадын баруун нутгийн Саскачеван мужид нэгэн агаарын бааз галд автаж, Альберта мужид газрын тосны олборлолт тасалдаж, түймрийн аюул өдөр ирэх тусам олон хүнд аюул учруулж байгааг албаныхан анхааруулж байна. Саскачеваны тэргүүн сайд Скотт Мое хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, биднийг хүндхэн өдрүүд хүлээж байна гээд, нүүлгэн шилжүүлэх хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэж магадгүйг сэрэмжлүүлжээ.


Канад улс жил бүрийн зун ойн түймэртэй тэмцдэг боловч энэ жил түймрийн улирал эрт эхэлж, хэдийн хоёр сая гаруй га талбайг хамраад байна. Байгалийн гамшгийн улмаас Саскачеван, Манитоба мужууд хамгийн их хохирол амсжээ. Сүүлийн өдрүүдэд ойн түймрийн улмаас тус хоёр мужид онцгой байдал зарласан байна.


“Түймрийн улирал бол канадчуудын хувьд маш хэцүү үе байсаар ирсэн. Энэ жилийн хувьд энэхүү улирал эрт эхэлж, түймэр илүү хурдацтай тархаж байна. Канадын арми Манитобагийн алслагдсан хотуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийн тулд нисэх онгоц байршуулж, Саскачеван, Альбертад гал унтраахад тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэж Канадын Онцгой байдлын сайд Элеонор Ольшевски Оттава хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хэлжээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Канад улсад цаг агаарын эрс тэс үзэгдлийн сөрөг нөлөөлөл улам бүр нэмэгджээ. Тус улс 2023 оны зун 15 сая га ой мод шатаж сүйдсэний үр дагавраас бүрэн сэргэж амжаагүй байгаа юм. Мягмар гаргийн байдлаар, Канадын нутагт 208 түймэр асаж байгаагийн тал хувь нь хяналтаас гараад байна гэж Ойн түймэртэй тэмцэх төвөөс мэдээлсэн байна. 

関連ニュース