ХӨВСГӨЛ: Шувууны тандалт судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-04 15:48:43

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг Монгол орны ус, намгийн экосистемийн чухал бүс нутгийн нэг бөгөөд нүүдлийн шувуудын дамжин өнгөрөх замд байрладаг тул шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний эрсдэл өндөртэйд тооцогддог байна.


Хөвсгөл аймаг дахь Зоонозын өвчин судлалын төвөөс Мөрөн сумын Дэлгэрмөрөн гол болон Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуур орчимд ус, намгийн шувуудын тооллого, тандалт,  хяналтын ажлыг хийсэн байна.


Тандалтын явцад ус, намгийн шувуудын тооллого хийж, нийт 16 зүйлийн 1034 шувуу тоолж, зүйлийн бүрдлийг тодорхойлов.


Судалгааны бүсүүдэд гол, нуурын эрэг орчимд өвчилсөн болон сэжигтэй шинж тэмдэг бүхий шувуу ажиглагдаагүй байна.


Шувууны томуугийн вирус нь амьтнаас хүнд халдварлах чадвартай, олон улсад анхаарал хандуулсан халдварт өвчний нэг бөгөөд Монгол Улсад 2003 оноос хойш хийсэн судалгаагаар нүүдлийн шувуудаас H2N2, H3, H3N8, H4N6, H6N2, H5N6, H5N1, H5 зэрэг хэв шинж илэрч байжээ.




Тухайлбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэл нуурт 2005 онд, Рашаант сумын Дөрөө цагаан нуурт 2009 онд үхсэн шувуунаас хоруу чанар өндөртэй H5N1 вирус илэрч байсан байна.


Тандалт судалгаа нь зэрлэг амьтдын дунд халдварын тархалтыг эрт илрүүлэх, халдварын зөөвөрлөгч болох шувуудын маршрутыг тогтоох, байгаль орчны эрсдэлийг үнэлэх чухал ач холбогдолтой юм. 



関連ニュース