“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг 600 сая ам.доллароор хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-06 15:12:42

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх З.Батырбек, “Дотоодын аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс уг хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх гэж байгаа анхны албан ёсны төсөл бол “Дулааны тавдугаар цахилгаан станц” юм. Хувийн хэвшлийнхэнд тодорхой бизнесийн боломжийг нь нээж өгье. Нөгөө талаас улсын төсөвт дарамт учруулахгүйгээр тодорхой асуудлуудыг шийдэх боломж байна гэдгийг тодорхойлсон. Бүх зүйл дээр төр оролцох гэхээс илүү хувийн хэвшилд боломж, бололцоог нь олгоё гэдэг үүднээс уг асуудлыг танилцуулж байгаа юм.  “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн тухайд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөсөн. Станцын санхүүжилт 600 сая ам.доллар байна. Нэг мегаваттыг хоёр сая ам.доллараар барих нь олон улсын жишиг үнэ” хэмээн ярилаа.


Харин зөвлөх инженер Б.Цэвээн “Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол агуулга бол цахилгааны шинэ эх үүсвэрийг Улаанбаатар хотод барих асуудал. Уг цахилгаан станц нийслэлийн өмчид байхаар ярьж байгаа. Түрүүн дурдсан 600 сая ам.долларын 20 хувийг нийслэл гаргая, үлдсэн 80 хувийг нь төр, хувийн хэвшлийнхэн гаргаад станцаа барина. Үүний тулд тодорхой шалгууртай. Техникийн боломжтой, хөрөнгөө тодорхой хэмжээнд шийдсэн аж ахуй нэгжүү, хүмүүс шалгаруулалтад орж оноо авна. Үүний дараа жинхэнэ тендерийг зарлах юм. Мэдээж урьдчилсан шалгаруулалт орсон компани уг тендерт ороод, өөрийнхөө ямар станц барих саналыг ирүүлэх боломжтой. ТЭЗҮ-г боловсруулсан байгаа. Гэхдээ үүнээс ч илүү боломжтой санал орж ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс эдгээр урьдчилсан мэдээллийг олон нийтэд хүргэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Урьдчилсан шалгаруулалтын хугацаа нэг сар. Одоогоор 4-5 компани саналаа өгөхөөр бэлдэж байна. Хоёрдугаар шатанд жинхэнэ тендер зарлана” гэлээ.


ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах ажээ. 



関連ニュース