Оманы Элчин сайд Нассер Аль-Бусайдиг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-06 17:44:05

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг Оманы Султант Улсаас Монгол Улсад Бээжин хотоос хавсран суугаа Элчин сайд Нассер Аль-Бусайдиг Гадаад харилцааны яаманд өнөөдөр хүлээн авч уулзав.


Сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Оман Улсыг төлөөлөн анх удаа оролцож байгаад Элчин сайдад талархал илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Оманы Султант Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөр ач холбогдолтой болж, тодорхой үр дүнд хүрсэнд баяртай байгаагаа тэмдэглэв.


Элчин сайд Нассер Аль-Бусайди Оманы Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусайдигийн мэндчилгээг уламжлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 2 жилд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, албан ёсны айлчлалын мөрөөр эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

関連ニュース