АРХАНГАЙ: Уламжлалт ахуйтай танилцах “Малчин кемп”-д захиалга авч эхэлжээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2025-06-17 12:10:30

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Архангай аймаг аялал жуулчлалын "Малчин кемп" төслийг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа.


Малчин кэмпийг монгол гэрийн ногоон бүрээсээр нь таних боломжтой. Архангай аймгийн нутгаар аялж, зугаалж явахад ийм гэр таарвал жуулчин хүлээн авдаг малчин айл байх юм.


Энэ хөтөлбөр нь нутгийн уугуул малчин болон нутгийн иргэдийн мал аж ахуйгаас хамааралтай орлогын төрлийг нэмэгдүүлж, өрхийн орлого, амьдралын түвшнийг нэмэгдүүлэх, Архангай аймагт жуулчин хүлээн авах боломжтой ор хоногийг нэмэгдүүлэх, нөгөө талдаа Монгол Улсыг олон улсад сурталчлах, нүүдэлчин ахуй, ёс заншлыг жуулчдад ойроос мэдрэх боломжийг олгох алсын зорилготой юм.


Монгол Улсыг зорин ирж буй аялагч, жуулчдын ихэнх нь нүүдлийн соёлтой танилцах, эгэл нүүдэлчин ахуйг бодитоор харах, малчин айлд зочлох, хонох хүсэлтэй байдаг.


Энэ жил аялал жуулчлалын бүс нутагт аймгийн хэмжээд 13 сумын аялал жуулчлалын зорин очих 30 байршилд 60 айлыг бэлтгэжээ.


Малчин кэмпийн захиалгыг 99601032, 99666625 дугаарын утсаар авч байна.


Аялагч жуулчид, байгалийн сайханд амарч, монгол ахуйг мэдрэхийг хүссэн хүн бүрийг "Малчин кемп"-д урьж байна. Малчин кемпэд ирснээр хонь, ямаа, гүү, үнээ саах, тогоо нэрж, цагаан идээ хийх, гар урлал хийх, морь унах, уламжлалт аргаар уяа, олс сүлжиж сурах, ардын тоглоом тоглох гэх мэт маш олон зүйлсийг туршиж үзэн дурсамж бүтээх боломжтой юм.


Өнгөрсөн 2024 оны 7, 8 дугаар сард 8 сумын 25 байршилд 50 айл үйл ажиллагаа явуулж, 20 хоногт амрагч хүлээн авахад 1026 хүн 256 гэр захиалсан бөгөөд малчид 10.1 сая төгрөгийн орлого олсон байна.