Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ.
Нийт 3.9 км тус авто замын засвар одоогоор 73 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд авто зам нь Содон хорооллоос Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлэх юм. Ингэхдээ Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам руу нийлэх далангийн түшиц ханыг хийж, эсрэг урсгалын 31.1 метр урт гүүрэн гарцыг Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнтэй огтлолцохгүйгээр хойд чиглэл рүү нийлэх байдлаар төлөвлөжээ.
Толгойтын авто замаас урагш буюу Саппорогийн уулзварт нийлэх хэсгийг хийж байна. Одоогоор эхний 2.6 км замын өнгөн хучилт хийж, үлдсэн зам, Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох хэсгийг засаж байгаа аж.