ABC: Ираны талаарх шийдвэрээ АНУ ойрын үед гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 18 /ABC News/. Ираны эсрэг Израилын цэргийн ажиллагаанд оролцох эсэхээ АНУ-ын засаг захиргаа ойрын 24-48 цагийн хугацаанд шийдэж магадгүй байгаа тул энэ хугацаа нь Ираны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх мөч байх болно гэж “ABC News” суваг мягмар гарагт мэдээлжээ.
Энэ хугацаанд Вашингтоны эрх баригчид Ираны асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх боломжтой эсэхийг шийднэ, эсвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргаж магадгүй байна. Тус телевизийн эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид Ираны талтай хэлэлцээгээ үргэлжлүүлж, уран баяжуулахаас бүрэн татгалзах тухай хэлэлцээрт гарын үсэг зуруулж чадна гэж үзсэн хэвээр байгаа ажээ.
Иран, АНУ-ын төлөөлөгчид Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд энэ оны дөрөвдүгээр сараас Оман улсын зуучлалаар шууд бус хэлэлцээ хийж эхэлсэн юм. Шинээр хэлэлцээр байгуулах хэд хэдэн оролдлого хийсэн ч уран баяжуулалтын асуудлаар санал зөрөлдсөний улмаас хэлэлцээ мухардалд оржээ. Хоёр улсын төлөөлөгчдийн зургаа дахь уулзалтыг зургаадугаар сарын 15-нд Маскат хотод хийхээр төлөвлөөд байсан боловч Израил улс Иран руу довтолсны дараа хэлэлцээг цуцалсан байна.